Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас гол, нуурыг сэргээх, экосистемийг нь хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын түвшин, эрсдэлийн зэргийг тогтоох, мөстөл, мөсөн голуудын хайлсан усыг хуримтлуулах боломж, арга замыг тодорхойлох судалгааг энэ онд багтаан мэргэжлийн байгууллагынхнаар хийлгэхээр болсон байна. Хөвсгөл нуурын бохирдлын судалгааг улсын төсвийн 150 сая төгрөгөөр хийлгэх бол мөсөн голынход 95 сая төгрөг зарцуулахаар хуваарилжээ. Түүнчлэн Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Баян, Говь-Алтайн Жаргалан дахь Эрээн нуурыг сэргээх төслийг хэрэгжүүлэхээр зэхэж байгаа аж. Эдгээр нь тухайн бүс нутгийнхаа экосистемд онцгой нөлөө үзүүлдэг, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр сүүлийн жилүүдэд хамгийн их доройтоод буй нуур юм.