Говь-Алтай аймгийн Жаргалан сумын байгаль хамгаалагчид Жаргалант уулын 10 байршилд хур тунадас хуримтлуулах 13 цөөрөм, тогтоол байгуулсан байна. Ингэснээр бороо, цасны усыг их хэмжээгээр хуримтлуулан нөөцөлж, зэрлэг амьтдыг усаар тасралтгүй хангах боломж бүрджээ.
Жаргалант ууланд нэн ховор, ховор олон төрлийн амьтан нутагладаг боловч ойр орчимд нь худаг ховор, задгай булаг, шанд цөөн тул усны хүрэлцээ муу байдаг аж. Тус бүсэд цөөрөм, тогтоол байгуулснаар зэрлэг амьтдын усан хангамж сайжраад зогсохгүй тогтвортой суурьших, өсөж үржих таатай нөхцөл бүрдэж буйг байгаль хамгаалагчид онцолжээ.
Эл бүс нь янгирын гол тархац нутагт тооцогддог аж. Янгирын амьдрах орчныг сайжруулснаар түүнтэй идэш тэжээлийн гинжин хэлхээнд байдаг цоохор ирвэс зэрэг ховор амьтдын тоо толгой, тогтвортой өсөлтөд эергээр нөлөөлж, цаашлаад “уулын эзэн” айлын малд халдах явдлыг тодорхой түвшинд бууруулахад ач холбогдолтой гэнэ. Энэ нь орон нутгийн хэмжээнд, ховор амьтдын тархац бүсэд уст цэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хийсэн үлгэр жишээ ажил болсныг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан онцолсон байна.