Улаанбаатар хотод дугуй, скүүтер түрээслэх шинэ үйлчилгээ “мэндлэх” нь. Скүүтер түрээсийн “Jet scooter” үйлчилгээ өрсөлдөгчтэй болно гэсэн үг. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тапатрип” компанийнхан уг шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Тус компанийнхан одоогоор 2500 дугуй, скүүтерийг үйлчилгээнд гаргахаар бэлдэж буй аж. “Jet scooter”-ийн скүүтерүүд цэнхэр өнгөтэй. Тэгвэл “Тапатрип”-ийн дугуй, скүүтерүүд нь улаан, улбар шар өнгөтэй аж. Одоогоор тээврийн хэрэгслүүдийнхээ чанарыг шалгаж, төлбөр авах аппликэйшнтэй холбох зэрэг ажлыг хийж буй бөгөөд үйлчилгээнд гаргах хугацааг нь хараахан товлоогүй гэнэ.
Скүүтерүүдийн түрээсийн үнэ өндөр, бүр таксинаас ч илүү мөнгө төлж байгааг иргэд шүүмжлэх болсон. Бас Улаанбаатарын энхэл донхол замуудаар явахад тав тухгүй, маш их доргидог талаар нэгэн иргэн шүүмжилсэн байв. Тэгвэл “Тапатрип”-ийнхэн энэ мэт алдаа, дутагдлаас сэргийлсэн, эсэхийг гүйцэтгэх захирал З.Батгэрэлээс тодруулахад “Нийслэлийн замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах зорилгоор бид энэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа. Тиймээс иргэдийн эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй скүүкер, дугуйнуудыг үйлчилгээнд гаргах юм. Тухайлбал, скүүтерүүд амортизатортой, бас урд талын дугуй нь том учраас ямар ч замаар явсан доргихгүй. Мөн хөдөлгөөнд оролцох үед хаашаа эргэхийг заасан дохиотойгоороо онцлогтой. Үйлдвэрээс дөнгөж гаргасан 2500 дугуй, скүүтерийг одоогоор оруулж ирээд байна. Цаашид тус бүр 10 000 дугуй, скүүтертэй болно. Тэдгээрийг үе шаттайгаар үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн” гэв.
Түрээслэх үнэ ханшийн тухайд эцэслэн тогтоогоогүй ч “Таксинаас 10 дахин хямд байлгахаар тооцож байна” гэсэн мэдээллийг З.Батгэрэл өгсөн юм. Хэрэглэгчдийн төлбөрийг дээрх компанийн “Тапатрип” аппликэйшнээр дамжуулан авахаар бэлтгэж байгаа гэнэ. Энэ нь монгол залуусын бүтээсэн, одоогоор нэг сая орчим хэрэглэгчтэй болоод буй аппликэйшн аж.
Бэлтгэсэн: М.Оч