Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.А-г хохирогч Г.С-д засгийн газрын авто баазаас акталсан машин хямд гаргаж өгч чадна гэж итгүүлэн хохирогчоос нийт 71,000,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж.
Шүүгдэгч А.А нь Засгийн газрын авто бааз” ТӨҮГ-т ажиллаж байгаагүй, улмаар тээврийн хэрэгсэл дуудлага худалдаагаар худалдан авах талаар тухайн байгууллагад зохих ёсоор хандаагүй атлаа өөрийн урьдын өр зээлээ дарах зорилгоор танил Г.С-д хандан “таньдаг хүн маань засгийн газрын авто баазад ажилладаг, уг баазаас акталсан машин гаргаж өгч чадна, мөнгөө яаралтай шилжүүл” гэж худал хэлэн өөрийн нэр дээр бүртгэлтэй, тодорхой идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй компанийн дансаар болон бусдын данс ашиглан хохирогчоос их хэмжээний мөнгө шилжүүлэн авч захиран зарцуулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдсоноос гадна шүүгдэгч А.А-н өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба Эрүүгийн хуульд “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан.
Иймд шүүгдэгч А.А-г бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хохирлын 71 сая төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.