Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулах хүний нөөцийг бэлтгэх долоо дахь удаагийн сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өчигдөр эхлүүлэв. Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тухайн ажлын байрандаа дасан зохицоход нь туслах чиг үүрэгтэй юм. Мөн тусгай хэрэгцээт иргэдийг ажиллуулах орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх талаар ажил олгогчдод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой дээрх сургалтыг ХНХЯ-ныхан Японы ЖАЙКА байгууллагынхантай хамтран 2021 оноос эхлэн зохион байгуулж иржээ. Энэ удаад 36 хүнийг дадлагажуулагчаар бэлтгэхээр төлөвлөсөн байна. Үүнд Улаанбаатар хот дахь аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл багтжээ. Оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хууль тогтоомжийн талаар сурч мэдэх нь. Мөн ажлын байрны дадлагажуулагчийн чиг үүргийн талаарх нарийвчилсан мэдээлэл авч, түүнийхээ дагуу дадлага хийх аж.
Өмнө нь зохион байгуулсан зургаан удаагийн сургалтаар ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх эрх бүхий 16 сургагч багш бэлтгэжээ. Мөн Улаанбаатар хотод 66, Ховд, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймагт тус бүр 18 хүнийг ажлын байрны дадлагажуулагчаар сургасан аж.
Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр манай улсын зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг барьж, ашиглалтад оруулаад буй билээ. Энэ оноос эхлэн тэдгээр төвөөр дамжуулан орон нутагт ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх төлөвлөгөөтэйг ХНХЯ-наас мэдээллээ.