Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгардаг асуудал бол хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээ юм. Тэргэнцэртэй иргэн автобусаар зорчихын тулд заавал бусдын тусламжийг авч, хэд хэдэн хүнээр өргүүлэх шаардлагатай болдог. Уг нь нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгээд буй атал яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих эрх зөрчигдсөөр байгааг холбогдох албаныхнаас тодруулахад “Үйлчилгээнд явдаг бүх автобус тэргэнцэртэй, хүүхдийн тэрэг түрсэн иргэдэд зориулсан налуу тавцантай” гэв. Гэхдээ налуу тавцан хүрэлцээтэй хэдий ч тэргэнцэртэй иргэд нийтийн тээврээр зорчих боломж нь хомс, хязгаарлагдмал хэвээр л байна. Учир нь тэд налуу тавцанг өөрсдөө татаад буулгаж чадахгүй. Түүнчлэн жолооч нар замын бордюр, автобусны зогсоол руу шахаж зогсоогүй тохиолдолд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжгүй аж. Зарим тохиолдолд налуу тавцан нь эвдэрчихдэг. Ийм үед тэд дахиад л бусдаас тусламж гуйж, хэн нэгнээр өргүүлэх шаардлага тулгардаг гэв. Тэргэнцэртэй иргэд нийтийн тээврээр зорчихыг хүссэн ч хэн нэгний тусламжгүйгээр бие даан бууж, суух боломжгүйн улмаас ихэвчлэн оргил ачааллын цаг дуусахыг хүлээх, эсвэл бусдад саад болохгүйн тулд нийтийн тээврээс татгалзах шаардлагатай болдог байна.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн