Өөрт хэрэггүй болсон зүйлсээ хэрэгтэй нэгэнд нь хандивлахыг “Мөрөөдлийн гэрэл” дэлгүүрийнхэн уриаллаа. Тус дэлгүүр нь хэрэглэхээ больсон хувцас, тоглоом, ном зэргийг иргэдээс цуглуулан, түүнийгээ угааж, индүүдэн, засаж сайжруулаад хямд үнээр худалддаг юм байна. Тэд аливаа эд зүйлийг дахин ашиглахын ач холбогдол, байгальд ээлтэй амьдрах хэвшлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой. Түүнчлэн орлогоороо өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бэлтгэж, дэмжлэг үзүүлдэг аж. “Мөрөөдлийн гэрэл” эко дэлгүүр нь 2019 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй гэнэ. Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, 32-ын тойрог дахь“Сансар” худалдааны төвийн хоёрдугаар давхарт байрлах “Мөрөөдлийн гэрэл” дэлгүүрийг зорьж, хэрэглэхээ больсон эд зүйлсээ хандивлах боломжтой.
Бэлтгэсэн У.Цэцэг