- Сүүлийн ганцхан жилд 3184 хүн хордож, 61 нь амиа алджээ -
“Сайжруулсан түлш иргэдийг угаартуулаагүй. Харин иргэд өөрсдөө буруу галлаж, эсвэл яндангаа хөөлөөгүйгээс угаарын хийн хордлогод өртөөд байна” гэж сүүлийн жилүүдэд олон нийтийн “тархийг угааж”, бурууг өөрсдөөсөө зайлуулж ирсэн албаныхан, дарга нар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-ийг уншина уу. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос УИХ-д өргөн бариад удаагүй уг илтгэлд сайжруулсан түлшнээс болж иргэд угаартах, улмаар амиа алдах тохиолдол нэмэгдсээр байгааг онцолжээ. ХЭҮК энэ удаад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар тусгайлан хөндсөн. Бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ялангуяа “амьсгалах” эрхэд халдаж байгаа хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй сайжруулсан түлш гэдгийг үүнээс уншиж болно.
ИРГЭД БУРУУГҮЙ
Онцгой байдлын болон цагдаагийн байгууллага, “Тавантолгой түлш”, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг холбогдох газрынхнаас “Угаарын хийн хордлогод хэдэн хүн өртсөн бэ. Энэ нь ямар шалтгаантай байв” гэж асуухаар хэлгүй, дүлий мэт болж, “Мэдэхгүй” гэдэг үгээр аргацаан өнгөрөөж байгаа. Энгийн иргэд байтугай хэвлэл мэдээллийн байгууллагынхан ч төрийн холбогдох албаныхнаас ийм мэдээлэл хүсэхэд тэд бодит нөхцөл байдлыг үргэлж нууцалдаг байв. Тэгвэл ХЭҮК-ын илтгэлд “Сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс шалтгаалж угаарын хийд хордох, угаартаж нас барах тохиолдол жил бүр нэмэгдсээр байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн долоон жилийн хугацаанд бүртгэгдсэн угаарын цочмог хордлогын 9009 тохиолдол бүртгэгджээ. Тандалтын тоон мэдээг харахад жил ирэх тусам тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тандалтын мэдээллээр 2017-2023 оны байдлаар угаарын хийн улмаас 103 хүн нас баржээ” гэж дурдсан юм. Үнэн хэрэгтээ иргэдийн буруу биш, харин шахмал түлш хортой байсан гэж дээрх илтгэлд дурдсан баримт “хэлээд” байгаа бус уу.
ТҮЛШНЭЭС ШАЛТГААЛСНЫГ НОТЛОХ ТОО
Иргэд олноор угаартах болсон нь сайжруулсан түлштэй холбоотойг нотлох үзүүлэлт байна. 2018 оноос өмнө угаарын хийн хордлогод өртсөн хүн хоёр оронтой тоогоор л яригддаг байж. Харин 2019 оноос хойш иргэд угаарын хийд хордох нь эрс нэмэгдэж, үүнд өртсөн хүний тоо гурав биш, бүр дөрвөн оронтой тоогоор хэмжигдэх болжээ. Тодруулбал, 2018 онд угаарын хийд хордсон хүний тоо 30 байснаа дараа жил нь 1664-тхүрч, 55 дахин ихэссэн аж. Хордсон хүний тоо ийнхүү “гэрлийн хурдаар” нэмэгдсэн нь Засгийн газрын тогтоолын дагуу 2019 оноос нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхийг хориглож, гэр хорооллын айлууд сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэнтэй холбоотой хэмээн дүгнэх шалтгаан болж байна. Угаарын хийд хордсон хүний тоо дараа дараагийн жилүүдэд нь ч буурсангүй. Тэр дундаа өнгөрсөн онд 3184 болж, түүхэн дээд түвшиндээ хүрсэн нь харамсалтай.
НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХЛОВ
ХЭҮК үүнээс зургаан жилийн өмнө буюу 2018 онд 17 дахь илтгэлээ боловсруулахдаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар хөндөж байжээ. Тухайн илтгэлд агаарын бохирдол төдийлөн буурахгүй байгааг дурдаад, “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны хуралдаанаар 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосон шийдвэр гаргасан нь сайшаалтай юм” хэмээн бичиж байж.
Гэтэл Засгийн газрын дээрх шийдвэр болон түүнийг хэрэгжүүлэхээр үйлдвэрлэсэн сайжруулсан түлш нь тус болох бус, харин ч ус болж, 100 гаруй хүний аминд хүрчээ. Үнэн хэрэгтээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгч болов. Ер нь дарга нар элдэв гоё үгтэй хууль, журам, тогтоол гаргахдаа сайн ч яг хэрэгжүүлэх гэхээрээ “шороотой хутгадаг”-ийн жишээ нь энэ. Дарга нар олон нийтийг ийнхүү хуурсны горыг иргэд л үүрч, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна.
ТҮҮХИЙ НҮҮРСНЭЭС Ч ХОРТОЙ ТҮЛШ
ХЭҮК сүүлийн гурван жилд иргэдээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой нийт100 гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ. Тэдгээрээс 12 нь Улаанбаатар хотын агаарын бохирдол, сайжруулсан түлштэй холбоотой аж. Иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт явуулсны үндсэн дээр сайжруулсан түлш нь үнэндээ түүхий нүүрснээс ч хортой байна гэж тогтоосныг эрх баригчид анхааралдаа аваасай. Тодруулбал, “Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарт хаягдах тоос, тоосонцрын агууламжийг бууруулахад тодорхой хэмжээгээр ахиц гарсан. Гэсэн ч түлшинд агуулагдах хүхэр нь Багануурын уурхайн нүүрстэй харьцуулахад 2-3 дахин өндөр байна. Агаарын чанарын суурин харуулын мэдээгээр бохирдуулагч бодисын агууламж стандарт хэмжээнээс 1.4-3 дахин их байгаа нь түлшний түүхий эдийн чанарыг сайжруулах шаардлагатайг харууллаа” гэж ХЭҮК-ынхон илтгэлдээ бичжээ.
Сайжруулсан гэх нэртэй түлш зөвхөн 9000 гаруй хүнийг хордуулаагүй. Нийслэлчүүд нийтээрээ түүхий нүүрснээс ч хортой түлшнээс ялгарсан утаагаар өвлийн турш амьсгалж, өвчилж байгаа гэсэн үг. Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдсэн нь ч үүнтэй холбоотой биз. 10 000 хүн тутамд ногдох амьсгалын замын халдварт өвчний тохиолдол сүүлийн 10 жилд 2.7 дахин ихэссэн юм билээ.
ХҮҮХЭД ДУТУУ ТӨРӨХӨД НӨЛӨӨЛЖ БАЙНА
Ялангуяа хүүхдүүд өвлийн турш эмнэлгүүдийг дүүргэж байгааг бид байнга харсаар бараг дасал болжээ. Тэр байтугай Улаанбаатарын утаа хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэх үеэс нь л хордуулж, өвчлүүлж байгааг “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн хүрээнд хийсэн судалгааны үр дүн нотолно. НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагын оролцоотой хийсэн уг судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүд бохир агаараар амьсгалснаар эхийн хэвлийд бойжиж буй хүүхдийн уушги, амьсгалын замын эрхтэн тогтолцоонд нөлөөлж, хугацаанаас өмнө төрөх, эсхүл үр хөндөхөд хүргэдгийг тогтоосон гэнэ. Тодруулбал, ургийн эндэгдэл өвлийн улиралд зуныхаас 3.5 дахин ихэсдэг. 11-1 дүгээр сард жирэмсэлсэн эмэгтэйчүүд 5-8 дугаар сард дутуу төрөх магадлал өндөр байгааг дээрх судалгаагаар тогтоосон аж.
ХЭҮК-оос гаргасан илтгэлд ч агаарын бохирдол эх, ургийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг дурдсан байна. “Өвлийн хорт утаа эхийн хэвлий дэх ургийн жинг 138.2 граммаар бууруулж, эрхтэн тогтолцоог гэмтээх болон эндэх эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэж “Өргөө” амаржих газрын хүүхдийн нарийн мэргэжлийн эмч ХЭҮК-төгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.
УТААГ 80 ХУВЬ БУУРУУЛАХ МӨРИЙН ХӨТӨЛБӨР
УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирээд байна. Улаанбаатар төдийгүй улсын хэмжээний асуудал болон “өргөжсөн”-ий хувьд агаарын бохирдлыг бууруулна гэсэн зорилгыг сонгууль бүрийн мөрийн хөтөлбөрт тусгадаг жишигтэй гэхэд болно. Энэ удаад ч УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд утааг бууруулах тухай уран цэцэн үгтэй мөрийн хөтөлбөрийг дэлгэн тавих нь ойлгомжтой биз. Гэхдээ тэдгээр нь төдийлөн биелж байгаагүйг илэрхийлэх нэгэн жишээ дурдъя.
Засгийн газрын ажлын төлөвлөгөөнд оруулсан нэгэн “гайхамшигтай” заалт биелсэн, эсэхийг анхааралтай харцгаая. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.1-т “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдолтой холбоотой асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ” гэсэн зорилт дэвшүүлж байжээ. Тэдний мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хугацаа үндсэндээ дуусчихлаа. Харамсалтай нь, Улаанбаатар хотын агаарын бохирдол 80 хувь буурах нь битгий хэл, зөвхөн өнгөрсөн өвөл гэхэд ямар хэцүүхэн нөхцөлд өнгөрснийг нийслэлчүүд мартаагүй. Тэгээд ч утааг бууруулахаар “зохион бүтээсэн” сайжруулсан түлш нь агаарын бохирдол үйлдвэрлэгч, хүний аминд “халдагч” болчхоод байна.
2050 ОНЫГ ХҮЛЭЭЖ ЧАДАХГҮЙ
Ер нь утааг бууруулах тухай дурдсан бодлогын баримт бичиг манайд хангалттай олон байна. Тухайлбал, лоозонгийн шинж чанартай “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн 9.2 дахь хэсэгт“Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, хүлэмжийн хийн ялгарал багатай ногоон технологи бүхий амьдралын таатай орчинтой хот болно”, 9.2.2-т“Байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн бохирдол үүсгэгчийг багасгаж, агаар, хөрс болон орчны бохирдлыг бууруулсан байна”, 9.2.8-д “Агаар, орчны чанарын хяналт-шинжилгээний чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ” гэж тусгажээ. Ингэж мөрөөдөж болно оо. Гагцхүү иргэд 2050 оныг хүлээж чадахгүй, одоогийн сайжруулсан түлш нь бидний цөөхөн монголчуудын хэдэн хувийнх нь амийг авч одохыг төсөөлөхөд ч аймшигтай байна. Хавдар судлалын үндэсний төвийнхөн ч агаарын бохирдлоос болж монголчууд тун удахгүй уушгины хорт хавдраар дэлхийд тэргүүлнэ гэсэн сэрэмжлүүлгийг олон нийтэд хэдийн өгөөд эхэлсэн шүү дээ.
Энэ удаад ч яах вэ, утааны улирал шувтарлаа. Гэсэн ч дараа жил өвөл болдгоороо болж, утаа дахин “ирэх” нь цаг хугацааны л асуудал. Тиймээс ядаж л ирэх өвлөөс урьтаж хортой түлшээ жинхэнээсээ сайжруулъя. Мөрийн хөтөлбөртөө ч худал зүйл “зоож”, иргэдийг хуурахаа зогсооё. Иргэд ч энэ мэт хуудуутай амлалтуудад нь хэрсүү хандаж, зөв, бурууг тунгаах хэрэгтэй болжээ.
Бэлтгэсэн: М.Оч