Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн урд замд энэ оны нэгдүгээр сард “Дашваанжил” ХХК-ийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан цистерн БХЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга А.Мөнхнарангийн жолоодож явсан жийптэй мөргөлдсөний улмаас их хэмжээний гал гарч, олон хүний амь үрэгдсэн билээ. Энэ галын улмаас онцгой байдлын албаны гурван гал сөнөөгч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн хүн нас барж, есөн иргэн хүнд, хөнгөн гэмтсэн. Мөн 26 хүн угаарын хийд хөнгөн хордсон нь тодорхой болжээ. Түүнчлэн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан байна. Энэ ноцтой хэргийг УЕПГ-аас байгуулсан, нийслэл, Тээвэр, дүүргийн Прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч шалгаж буй.
Эл ажлын хэсэг байгуулагдсанаас хойш галын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм. Энэ хүрээнд 250 гаруй хүнээс мэдүүлэг авч, зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилон, 58 шинжилгээний дүгнэлт гаргуулан, зарим эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоожээ. Тухайлбал, гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нь одоогоор тогтоогдоод байна. Уг хэрэгт холбогдуулж “Дашваанжил” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтнуудыг болгоомжгүйгээр хүний амь хөнөөсөн гэх зэрэг үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй гэнэ.