Багш болон суралцагчийн чадварыг сорих chadla. mn системийг Боловсролын үнэлгээний төвийнхөн нээжээ. Энэ системийн тусламжтайгаар багш нар заах арга зүйн болон технологийн мэдлэг, ур чадвараа цогцоор нь үнэлнэ. Үр дүнд нь үндэслэн багшийн тасралтгүй хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, ахиц, амжилтаа тооцох боломж бүрдүүлэх аж. Сурагчдын үнэлгээний шалгалт нь хөнгөн, дунд, хүнд гэсэн төрөлтэй. Ерөнхий боловсролын сургуулийн бүхий л хичээл багтсан. Шалгалтад зарцуулах хугацаа нь 20 минут байна. Дан ганц тестийн шалгалт бус, задгай буюу холбох даалгавар ч бий. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй сурагчид ч энэхүү системийг ашиглан мэдлэгээ сорих боломжтой. Ингэснээр юун дээр алдаад буйгаа мэдэж, түүнийхээ дагуу хичээлээ давтаж болно. Шалгалтын үр дүнд нь зөв, эсвэл бурууг хэлж өгөх бус, таны ямар чадвар сул байгааг тогтооно. Жишээлбэл, математикийн нэр томьёо, ойлголт, дүрэм, зүй тогтлыг танин мэдэх, учир шалтгааныг ойлгох шаардлагатай зэргээр сурагчийг үнэлнэ. Түүнчлэн алдааг нь хэлэхээс гадна сайтар эзэмшсэн сэдвийг тань хувиар илэрхийлэн гаргадаг аж.
Бэлтгэсэн А.Үүл