Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан. Тус хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын дарга Г.Занданшатар өргөн барина. Үүний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн "А" танхимд мэдээлэл хийх юм.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд цэргийн алба хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах нөхцөл, шалтгааныг зааж өгсөн бөгөөд салбарын бусад хуультай уялдуулан албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөний улмаас, түүнчлэн гэмт хэргийг таслан зогсоох үед нас барсан тохиолдолд цэргийн алба хаагчийн ар гэрт олгох тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг тусгах шаардлага бий.
Мөн цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаа, тэдгээрийн гэр бүл өнөөдрийн нийгэмд гэр бүлийн нэг гишүүнгүйгээр үргэлжлүүлэн амьдрахад шаардлагатай нийгэм хамгааллыг сайжруулах, бодитой дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр холбогдох эрх зүйн орчинг сайжруулах ёстой юм.
Дээр дурдсан үндэслэл шаардлагын дагуу Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай байгаа талаар Ерөнхийлөгч мэдэгдсэн юм.