УИХ-ын чуулганы баасан гаргийн хуралдаанаар гишүүн Б.Баттөмөрөөс тавьсан Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлвийн талаар тавьсан асуулгын хариуг сонсов. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ талаар мэдээлэл хийсэн юм.
Манай улс 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуультай болжээ. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт нэгдэхдээ хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.89 сая, үүнээс эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн салбарын хувьд 8.34 сая тонноор бууруулах амлалт өгсөн. Одоогоор улсын хэмжээнд нийт 297 МВт-ын нар, салхи, усан цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. Үүнээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 90 МВт-ын нийлбэр чадалтай нарны зургаа, 155 МВт-ын нийлбэр чадалтай салхины гурван цахилгаан станц ашиглалтад оруулж, нэгдсэн сүлжээнд холбожээ. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 90 МВт-ын “Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц барих” төсөл, Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Завхан аймагт 5 МВт-ын нарны цахилгаан станц болон 3.6 МВт-ын батарей хуримтлуурын системийг 2022 онд ашиглалтад оруулсан юм байна. Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Алтай сумд нарны цахилгаан станц ажиллаж буй аж. Нарны цахилгаан станц нь эрчим хүчний нэгдсэн сүлжээний өвлийн их ачаалалд оролцдоггүй, салхин станц нь 2013-2022 онд 0.2-10 хувиар системийн оргил ачаалалд оролцжээ. Хувийн хэвшлийн нар салхины эх үүсвэрүүд 2023 оны байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадлын 18 хувийг эзэлж байгаа боловч 2023 оны тайлан тэнцлээр нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 8.8 хувийг үйлдвэрлэж, салбарын цахилгаан эрчим хүчний борлуулалтын орлогын 22.3 хувийг авсан байна.
Эдгээр нарны цахилгаан станцуудаас төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 500-600, салхин станцуудаас 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 328-330 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа нь дундаж тарифаас 3-5 дахин өндөр байгаа аж.
Одоо дахин 202 МВт-ын нийлбэр хүчин чадалтай хоёр салхин, 110 МВт-ын нийлбэр хүчин чадалтай нарны дөрвөн цахилгаан станц, нийт 312 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барихаар хүлээгдэж буй гэнэ. Гэхдээ үүнийг хийх аж ахуйн нэгжүүдэд Засгийн газраас эрчим хүчний тарифыг буулгах, хуримтлуур нэмж барих шаардлагыг Засгийн газраас тавьж буй юм байна. Цаашид Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийг горим ажиллагааны хувьд тогтвортой, өөрийгөө зохицуулах чадвар бүхий систем болгон бүрдүүлэх нь салбарын тулгамдсан асуудал болж байгааг сайд онцолжээ.