Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монголын Багш нарын VIII их хуралд 685 багш оролцож байна. Тус хурал өнөөдөр Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, насан туршийн боловсрол, Мэргэжлийн болон техникийн боловсрол, Дээд боловсрол гэсэн 4 салбар хуралдаанаар өнөөдөр эхэллээ.
Төрийн ордны Их танхимд Ерөнхий боловсрол болон насан туршийн суралцахуйн салбар хуралдаан болж байна. Салбар хуралдаанд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиас хамт олныхоо хурлаас сонгогдон төлөөлөх эрх авсан 656 төлөөлөгч, насан туршийн суралцахуйн төвөөс хамт олноосоо сонгогдон оролцож буй 29 төлөөлөгч оролцож байна.
Төлөөлөгчид салбар хуралдааны эхний хэсгээс багшийн хөгжил, арга зүй, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, үнэлгээний хөгжил гэсэн чиглэлээр мэдээлэл сонслоо.
Мөн багшийн талаар хэрэгжүүлсэн бодлого арга хэмжээ, “Монголын боловсролын хувирган өөрчлөлт” чуулганы үеэр нийгмийн бүх талын оролцоо, зөвшилцөлд суурилан гарсан “БОЛОВСРОЛЫН ТУНХАГЛАЛ 2024”, суралцагчийн ирээдүйн дүр төрх, шинэ зууны багшийн чиг үүрэг, чадамж, хамтын ажиллагааны талаар илтгэл сонсож өөрсдийн санал хүсэлтээ хэлсэн юм.
Үүний дараа “шинэ зууны багш”-ийн дүр төрх, ирээдүйн багшийн чиг үүрэгт гарах өөрчлөлтийг багш нар хэрхэн төсөөлж байгаа болон багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн харилцаа, багшид тулгамдаж буй асуудлын талаар панел хэлэлцүүлгийг өрнүүлэв. Сум, аймаг, нийслэл, насан туршийн суралцахуйн төвөөс сонгогдсон 5 багш нийт багш нараа төлөөлөн панелистаар оролцож, саналаа хуваалцлаа.
Ерөнхий боловсрол, насан туршийн суралцахуйн төвийн 60,0 мянган багш ажилтныг төлөөлөн сонгогдсон төлөөлөгч багш нар орон нутгийн багш нарын их хуралд илгээсэн саналыг их хуралд нэгтгэн танилцуулах бөгөөд салбар хуралдаанаас гарсан саналыг нэгтгэж маргааш болох нэгдсэн их хурлын Редакцын комисст хүргүүлж, их хурлаас гарах бодлого, шийдвэрт тусгуулах юм.