Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Орхон аймагт өчигдөр эхэллээ. Энэ удаад аваргууд туршлага зааж, залуус ур чадвараа харуулж байна. Эхний өдөр долоон жингийн барилдаан болж, аваргаа тодрууллаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд алтан медалийн төлөө “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Баасанхүү “Женко” клубийн Ж.Анударийг нэмэлт цагт даралтад оруулан ялж, улсын аварга болов. 52 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн Б.Уранзаяа “Хангарьд” клубийн Б.Гүндэгмааг буулган авч, анхны түрүүгээ хүртсэн юм. 57 кг-д “Алдар”-ынЛ.Сосорбарам “Хилчин”-ий О.Саруулыг хожиж, түрүүллээ. 63 кг-д мөн “Алдар”-ын тамирчин Б.Ганхайч “Женко” клубийн Ц.Сүнжидмааг илүүрхсэнээр улсын аваргаас ес дэх алтан медалиа зүүсэн. Тэгвэл эрэгтэйчүүдээс Б.Сүхбат (“Женко”) К.Ёолкийг (“Хилчин”) ялж, гурав дахь удаагаа тэргүүлжээ. 66 кг-д Л.Сумъяа (“Хурд” клуб) Ө.Бямбасүрэнг хожсоноор улсын аваргуудын эгнээнд багтав. 73 кг-д Б.Эрхэмбаяр (“Алдар”) “Шинэбадрах” клубийнхнээс Ж.Гансүрэнг туршлагаар илүүрхэн хожиж, аваргаа баталлаа.