Боловсролын үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өчигдөр болж, тус зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлэв. Тэрбээр “Засгийн газраас Боловсролын салбарын багц хуулийн төслийг боловсруулан, батлуулж, эрх зүйн орчныг шинэчилсэн. “Алсын хараа-2050”-д эхний 10 жил буюу дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхийн зэрэгцээ эрдэм мэдлэгийг дээдэлж, боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Ингэснээр 2030-2040 онд шинжлэх ухаан, инновац, технологийн эрин үеийг хамтдаа бүтээх боломжтой. Үүнд бэлтгэхийн тулд боловсролын системээс эхэлнэ. Боловсролын хөтөлбөрийн цөм нь дэлхийд өрсөлдөх чадвар эзэмшсэн, түүх, өв соёлоо мэддэг, монгол сэтгэлгээтэй, эх оронч иргэнийг бэлтгэхэд чиглэх ёстой” гэлээ.
Тус зөвлөлийн дэд дарга, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалын талаар танилцуулав. Ингэхдээ тэрбээр Боловсролын багц хуулийг хэрэгжүүлж сургалтын хөтөлбөр, багшийн хөгжил, үндэсний үнэлгээний тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт, сургууль, цэцэрлэгийн менежмент, засаглал, цахим шилжилт гэсэн зургаан чиглэлд шинэчлэл хийх боломж бүрдсэнийг тэмдэглэсэн. Мөн сургалтын хөтөлбөрийн “Хүүхэд бүрийн авьяас” гэх ерөнхий үзэл санааг “Хүүхэд бүрийн чадамж” байхаар тусган шинэчлэхээр төлөвлөж буйг дуулгав.
Ерөнхий сайд боловсролын салбарын реформд Засгийн газрын манлайлал хэрэгтэй, танхимын тэргүүний хувьд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Түүнчлэн сургалтын хөтөлбөрийг шинэчлэхдээ багш, эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөллийн санал, дүгнэлтийг тусгах, их өгөгдөл, математик тооцоололд тулгуурлаж, яамд, салбар дундын оролцоог хангаж, маш тодорхой, хэмжигдэхүйц, хэрэгжихүйц, хугацаатай, бодит тоо, зорилт дэвшүүлж шийдвэрлэхийг зөвлөлийн гишүүдэд даалгав.
Боловсролын салбарын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үзэл баримтлалыг Боловсролын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, батална.
Бэлтгэсэн У.Наран