Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн алба хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэрэг сүүлийн өдрүүдэд олны анхааралд өртсөн юм. Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Н-гийн хүү тэргүүтэй дөрвөн хүнийг цагдан хорьж шалгаж эхэлсэн. Уг хэргийг мөрдөн шалгах явцын талаар УЕПГ-ын албаны хүнээс тодруулахад “ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхнээс гаргасан саналын дагуу УЕПГ-аас уг хэргийг хянаад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст харьяалал тогтоон шилжүүлсэн.
Дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны гуравдугаар сарын 22-нд бүртгэгдсэн үеэс хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэг холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад бусад гурван холбогдогчийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон тул тэднийг өнгөрсөн ням гарагт хойшлуулшгүйгээр баривчилсан. Цаашид энэ хэрэгт НПГ-аас хяналт тавина” гэсэн хариулт өглөө.