Монгол хүний эрүүл амьдрах эрхийг хангахын тулд хүнсний аюулгүй байдал, тэр дундаа хоол мэт хэрэглэж буй эмийн чанарт анхаарахгүй бол болохгүй цаг үед бид амьдарч байна. Тиймдээ ч манай улсын эрүүл мэндийн салбарын эмчилгээнд хэрэглэж буй эмийн чанар, аюулгүй байдлын нөхцөл байдлыг биеэрээ мэдэрсэн УИХ-ын зарим гишүүн үүнд анхаарлаа хандуулах болсон билээ. Гэвч Эрүүл мэндийн яам, түүний харьяа агентлаг болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ), Хүний эмийн салбар зөвлөлийнхөн ашиг сонирхлын зөрчилтэй, эм үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалсан үйлдэл гаргадаг болох нь АТГ-ынхны хийсэн шалгалтаар ил болсон.
Үүнээс болдог ч юм уу, зарим албан тушаалтан баримтыг нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл өгөх зэргээр УИХ-ын хянан шалгах түр хорооны ажилд саад учруулах болсныг тус хорооны дарга нь хэвлэлийнхэнд мэдээлээд буй. Мэдээж ард түмний эрх ашгийг бус, өөрсдийнхийгөө тэргүүнд тавьж байгаа эмийн “мафи”-ийн гар хөл бологсод элдэв аргаар саад учруулах нь лавтай. Үүнээс өмнө эрх ашгаараа нэгдсэн “Эм” холбооныхон хууль хяналтын байгууллага, мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтийг эсэргүүцэж мэдэгдэл гаргаж ч үзлээ. Өөрөөр хэлбэл, хэвлэлээр эмийн чанар, аюулгүй байдалтай холбоотой баримттай мэдээллүүд гарснаар “айсан хүнд аргал хөдөлнө” гэгч л болж буй бололтой. Түүгээр ч зогсохгүй импортолсон болон үйлдвэрлэж буй эм, бүтээгдэхүүнээ хуучнаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, өнөөгийн ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лабораторид шинжлүүлээд аль нэг үзүүлэлт нь тэнцэхгүй байхад АШУҮИС-ийн дэргэдэх Эмийн лабораторид “аваачаад” тэнцүүлдэг явдал цөөнгүй болж. АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн дэргэдэх эл лабораторийн эрх бүхий албан тушаалтан нь ЭМЯ-ны дэргэдэх Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлд багтдаг төдийгүй “Эм” холбоог удирддаг нь нөлөөлдөг байх магадлалтай. Тиймдээ ч эмийн “мафи” гэгчийн гар, хөлүүд хаа сайгүй шигдэж, тэдний эрх ашгийг хамгаалж суугаа гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй биз. Ял шийтгүүлж байсан хүн нэгэн хувийн байгууллагын эрх ашгийг төлөөлөн хэдэн жилийн өмнө ЭМЯ-ны дэргэдэх Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлд сууж байсан баримт бас бий.
Уг нь тус зөвлөлийнхөн Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийн аюулгүй байдалд анхаарах учиртай. Харамсалтай нь, тэд үүнд санаа тавьдаггүй гэхэд хилсдэхгүй. Учир юу гэвэл, цагдаагийн байгууллагаас хүүхэд, залуусыг хорт зуршлаас хамгаалахын тулд мансуурах зорилгоор ашиглаж буй эм, бэлдмэлийг жороор олгох саналаа ЭМЯ, Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлд нэг бус удаа хүргүүлсэн юм билээ. Хүүхдүүд тухайн эм, бэлдмэлийг мансуурах зорилгоор ашиглаад хуруу, гараа тайруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний тоог нэмэхийн сацуу амиа ч алдаж буй учраас ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс жортой болгохыг хүссэн аж. Гэтэл эм импортлогч аж ахуйн нэгжийнхний ашиг сонирхлоос болдог юм уу, эсвэл өөр шалтгаантайгаас уу, жороор олгохыг зөвшөөрөхгүй байгаа юм билээ. Хар тамхи, мансууралтай тэмцэх нь зөвхөн цагдаагийн байгууллагын ажил биш, Эрүүл мэндийн яам ч чухал оролцоотой атал хүүхэд багачууд эм, бэлдмэлд донтон хэрэглэж, эрэмдэг болж, амиа алдаж байхад үл тоож буйг юу гэж ойлгох вэ.
Тэгвэл энэ удаа эм импортлогч аж ахуйн нэгжүүдтэй сүлбээтэй байж болзошгүй эмч нар бий гэдгийг хүргэе. Монголын хүн амын нэлээд хэсэг нь хавдар хэмээх аюулт өвчнөөр өвдөж, амиа алдаж буй. Хавдраар төрөл төрөгсдөө алдаагүй айл байхгүй. Тиймдээ ч Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн эмч нарт үзүүлэх гэсэн дараалал тасардаггүй. Тус төвийн нэгэн эмчийн ёс зүйгүй, үйлчлүүлэгчдээ өндөр үнээр эм “шахах”-ыг завдсан үйлдлийг олон нийтийн сүлжээнд нэг иргэн дэлгэсэн. Тухайн эмчийн талаар шүгэл үлээсэн иргэн “Урдаа барьдаг улсын ганц Хавдрын эмнэлгийн маань тангараг өргөсөн эмч элэгний хорт хавдрын хагалгааны дараа уудаг эмийг өөрөөс нь авсангүй гээд уурлаж бухимдан “Таныг гурван сар хяналтдаа авах боломжгүй байна. Байнгын үйлчлүүлэгчтэй” хэмээсэн байх юм. Тэр байтугай өөр газар шинжилгээгээ өгөөрэй” гэжээ. Түүний бичсэнээр бол ХСҮТ-д хяналтад байдаг иргэн уудаг эмээ эмчийнхээ санал болгосноор өөрөөс нь авах гээд нэг сая төгрөг бэлтгээд 2-3 удаа очиход хагалгаатай, хуралтай байна гэх зэргээс шалтгаалж хоосон хаалга мөргөөд буцсан аж. Тиймээс хүүхдүүддээ тухайн эмийн талаар хэлтэл нэгэн эмийн санд 350 000 төгрөгөөр худалдаж буйг олж мэдэж. Түүнээсээ ч очиж авсан байна. Үүнийхээ дараа эмчдээ үзүүлэх болгонд “Та эмээ хаанаас аваад байгаа юм бэ. Надаас ав гээд байхад” хэмээн таагүй ханддаг болсон аж. Хамгийн сүүлд очиж үзүүлтэл “Та хаанаас эмээ аваад байна аа. Би танд хямдруулаад 800 000 төгрөгөөр ав гэж хэлсэн биз дээ” гэсэн байгаа юм.
Гэтэл ХСҮТ-ийн эмч М тухайн иргэнд нэг сая шахам төгрөгөөр “шахах” гэсэн, нэгэн эмийн санд 350 мянгаар борлуулжасан эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй байж. Тиймээс ЭМЯ-ныхан нөгөөх эмийг нь зах зээлээс татуулж, эмийн сан эрхэлдэг аж ахуйн нэгжийн удирдлагатай хариуцлага ярьсан байгаа юм. Тэгсэн атлаа эмийн сангийнхаас хоёр дахин өндөр үнээр эм борлуулах гэсэн эмчийн толгойг илээд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Уг нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны мөрддөг ёс зүйн дүрэмд чин үнэнч, шударга байх, хүн бүрт тэгш хандаж, үл ялгаварлах, хүний эрүүл мэнд, сайн сайхны төлөө анхаарал тавих, энэрэн хайрлах, асрах, тусалж дэмжих ёстой хэмээн тусгасан. Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилан, шалтгаан, оношилгоо, эмчилгээний арга, үр дүн, эрсдэл, хүндрэл, өөрийн болон тухайн байгууллагын бодит чадавх, өөр бусад боломжит хувилбарын талаар, бусад шаардлагатай үнэн, зөв мэдээллийг үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, шийдвэр гаргах боломж бүрдүүлэх ёстой. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд нь ийнхүү заасан байтал ХСҮТ-ийн эмч М үүнийгээ илт зөрччихсөн байх юм. Түүгээр ч зогсохгүй эл дүрмийн 4.11-т “Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмчилгээ, оношилгоонд хэрэглэх, санал болгох, дэмжиж сурталчлах, зарж борлуулахгүй байх”-ыг журамласан. Ийм байхад нэгэн эмийн санд 350 мянгаар борлуулдаг, улсын бүртгэлд байхгүй эмийг нэг сая шахам төгрөгөөр худалдах гэж жирийн иргэнд санал болгоод, аваагүйд нь уурсаад байгаа нь зүйд нийцнэ гэж үү. Магадгүй эм импортлогч аль нэг аж ахуйн нэгжийн эрх ашгийн үүднээс тухайн эмийг санал болгосон, эсэхийг өөрөө л тодорхой хэлэхгүй бол хэн ч таашгүй.
Ийм явдал зөвхөн ХСҮТ-ийн эмч М-ийн жишээгээр тогтохгүй. Эмч нар аль нэг эмийн санг санал болгож, тэндээс заавал очиж аваарай, ийм нэртэйг нь хэрэглээрэй гэх байдлаар өвдөж, зовсон иргэдээ зоосны нүхээр хардаг тохиолдол нэг бус. Харамсалтай нь, ёс зүйн дүрмээ зөрчиж, илт ашиг сонирхлын зөрчилтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ ЭМЯ, харьяа эмнэлгийн удирдлага нь хариуцлага тооцдоггүй юм билээ. Хээл хахууль авсан, өвчтөн, түүний ар гэрийнхнийг шантаажилж мөнгөтэй болсон зарим эмчийг АТГ-ынхан шалгаж, шүүх ял шийтгэж байсныг эс тооцвол шүү дээ. Энд дурдсан ХСҮТ-ийн М эмчид ч хариуцлага тооцоогүй. Харин ч олон улсын арга хэмжээнд оролцуулахаар гадаад улсруу илгээж байх жишээтэй. Эрүүл мэндийн салбарт ийм бугшмал байдал бий болж, дэргэд чинь ажиллаж байгаа дэд сайд тэргүүтэй хүмүүс авлига, албан тушаалын хэрэгт холбогдон шалгуулж буйг мэдээгүй юм шиг л суух уу, Эрүүл мэндийн сайд аа.