Боловсролын Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өчигдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрбээр “Засгийн газраас Боловсролын салбарын багц хуулийн төслийг боловсруулан, батлуулж, эрхзүйн орчныг шинэчилсэн. “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” нь хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхийн зэрэгцээ эрдэм мэдлэгийг дээдэлж, боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Ингэснээр 2030-2040 онд Шинжлэх ухаан, инновац, технологийн эрин үеийг хамтдаа бий болгох боломжтой. Үүнд бэлтгэхийн тулд боловсролын системээс эхэлнэ” гэлээ.
Боловсролын үндэсний зөвлөлийн дэд дарга, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын талаар танилцууллаа. БШУЯ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон Боловсролын үнэлгээний төвөөс 2018-2022 онд хийсэн сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа, оношлох үнэлгээ, сурах бичгийн агуулгын шинжилгээний үр дүнгүүд нь сургалтын хөтөлбөр, сурах бичигт туссан агуулга нь танин мэдэхүйн сэргээн санах ойлголтын түвшинд төвлөрсөн, хэрэглээний болон бүтээлч түвшинд анхаарал хандуулаагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл давтамжтай хийгдэж ирсэн ч үзэл санааны хувьд “судлагдахууны агуулга төвтэй сургалтын хөтөлбөр” бүрэн өөрчлөгдөхгүй байгаа талаар дурдлаа. Мөн олон улсын дундажтай харьцуулахад бага боловсролын түвшинд судалж буй хичээлийн тоо ойролцоо, суурь боловсролын түвшинд харьцангуй олон байна гэжээ.