Аутизмыг таниулах сар үргэлжилж байна. Үүний хүрээнд энэ сарын 27-нд“Бидний хөөрхөн ертөнц” фестивалийг Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулах гэнэ. Тус арга хэмжээг Монголын аутизмын холбооныхон зохион байгуулж буй бөгөөд онцгой хүүхэдтэй хэн бүхэнд нээлттэй юм байна.
Аутизм нь нийгмийн харилцаа болон бусадтай харилцах чадвар сул, аливаа өөрчлөлтөд тавгүйтэж хямардаг, давтагдмал, өвөрмөц зан үйлээр илэрдэг нийлмэл эмгэг юм. Аутизмын хүрээний эмгэг нь хэл ярианы хөгжлийн болон баригдмал сэтгэлгээний хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг. Эцэг, эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадварт сургах боломжтой гэнэ. 2008 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ныг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Манай улс ч энэ өдөр аутизмыг таниулах аян өрнүүлж, сэтгэл судлал, боловсролын чиглэлээр суралцдаг оюутан, цэцэрлэг болон сургуулийн багш нарыг чадавхжуулах, мэдлэг, ойлголтыг нь сайжруулах арга хэмжээ зохион байгуулдаг. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгох, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдгээрийн нэг нь “Бидний хөөрхөн ертөнц” фестиваль гэнэ.
Бэлтгэсэн У.Цэцэг