Манай улсад анх удаа ерөнхий боловсролын бүх сургуулийн хичээлийн биет болон цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг бүртгэж, үндэсний мэдээллийн сан үүсгэсэн байна. БШУЯ, Боловсролын ерөнхий газрын захиалгаар боловсрол, технологийн инновацын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай Ти Ти Өү” ХХК-гийн энэхүү “Mlab” платформыг хөгжүүлжээ. Уг платформд өнгөрсөн оны хичээлийн жилийн турш ерөнхий боловсролын 699 сургуулийн 10 977 багш, 932 удирдлага бүртгэлээ оруулсан байна. Мөн хичээлийн бүх судлагдахууныг хамарсан 3967 нэр, төрлийн 112 805 хэрэглэгдэхүүнийг мэдээллийн санд бүртгэжээ. Цаашид багш нарт нэмэлтээр 1925 нэр, төрлийн хэрэглэгдэхүүн шаардлагатай байгаа аж. Сургалтын хэрэглэгдэхүүний үндэсний мэдээллийн сантай болсноор багш бүрийн санал шийдвэр гаргагчдад шууд харагдах гэнэ. Үүнд датад суурилж, шийдвэр гаргах боломж бүрдэж буйгаараа онцлогтой. Түүнчлэн багш нарын бүртгүүлсэн сургалтын хэрэглэгдэхүүнд үндэслэн тухайн сургуулийн захирал хөрөнгө оруулалтын төсөл, төлөвлөгөө боловсруулж, хуваарилах ажлыг хариуцах юм байна. Ингэснээр сургалтын орчныг системтэйгээр сайжруулах, технологийн шийдлийг ашиглан багш бүрийн саналыг сонсож шийдвэр гаргахдаа анхаарах боломж бүрдсэн аж.