Хар тамхины хэрэгт холбогдон шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслэхийн өмнө хил гарч зугтсан 28 настай залууг өнгөрсөн ням гарагт эх оронд нь хүлээн авч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа.
Иргэн К.Болор-Эрдэнэ 2019 оны зун Төв аймгийн нутгаас мансууруулах төрлийн ургамал их хэмжээгээр түүж бэлтгэн Хан-Уул дүүрэг дэх гэртээ хадгалсан хэрэгт яллагдагчаар татагдан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгчдөд шалгуулж байж. Улмаар хэргийг нь шүүхэд шилжүүлж, хурлыг нь хийхээс өмнөхөн буюу 2020 оны зургаадугаар сард улсын хилээр гарч явжээ. Түүнийг Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсад эрэн сурвалжилж байсан бөгөөд Интерполынхон К.Болор-Эрдэнийг Лаос улсад орогнож буйг тогтоосон байна. Манай цагдаагийнхан ГХЯ-аар дамжуулан тус улсын хууль сахиулах байгууллагынхантай хамтран түүнийг албадан гаргаснаар ийнхүү эх оронд нь хүлээн авчээ.