Сургуулийн өмнөх боловсрол, eрөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтнууд “Хамтын оролцоонд суурилсан сургалтын байгууллагын мeнeжмeнтийг хөгжүүлэх нь" сэдвээр “ном хаялцаж” байна. Уг эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 6,7-нд болж, өнөөдөр дүнгээ гаргана. 57 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Монголын багш нарын Эрдэм шинжилгээний хуралд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 200 гаруй багш, удирдах ажилтнууд оролцож, 30-аад илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Цар тахалтай холбоотой сүүлийн жилүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулж ирсэн Эрдэм шинжилгээний хурал энэ ийнхүү танхимаар хоёр салбар хуралдаантай өргөн хэмжээнд өрнөж байна. Эрдэм шинжилгээний хурлын материалыг хэдэн жил хэвлэлгүй өнжсөнийг мөн энэ жилээс эхлэн сэргээж буйгаа зохион байгуулагч Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн мэдээллээ. Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Багш нарыг зөвхөн хичээл удирдан чиглүүлэгдэг, зохион байгуулдаг гэж ойлгодог. Тэгвэл хичээлээ судалгаа шинжилгээний үндсэн дээр зохион байгуулдаг. Тиймээс нэг үүрэг нь судалгаа шинжилгээ. Энэ судалгаа шинжилгээгээ зохион байгуулалтайгаар хийж, үр дүнгээ танилцуулж байна” гэж тус Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа БСҮХ-ийн багш, судлаачид танилцууллаа. Сургуулийн менежменттэй холбоотой асуудлуудыг өргөн хүрээнд судлан гаргасан, дата өгөгдлүүдийг сайн ашигласан, харьцуулан шинжилсэн зэрэг нь багш нарын чадвар чадавхыг харуулж байгааг шүүгчид онцолсон юм. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Эрдэм шинжилгээний хурлын шүүгч Г.МОНГОЛХАТАН “Энэ жил сургуулийн өмнөх боловсролын илтгэлүүдийг салбар хурлаар бие даан явуулж байна. Цэцэрлэгийн багш, залуу багш нар байгууллагуудаараа нийлж, мөн байгууллага дотроо баг болж илтгэлээ тавьж хэлэлцүүллээ. Маш идэвхтэй оролцлоо. Сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, ШИМТ буюу STEAM боловсрол, АR технологи нэвтрүүлсэн байдал, суралцагчдын идэвх оролцоог сайжруулах, хамт олны оролцоогоор байгууллагын соёлыг төлөвшүүлэх гээд шинэлэг сэдвээр илтгэлээ тавьж байна” хэмээсэн.
У.ТУЯА: Дасан зохицох хөтөлбөр хэрэгжүүлэх судалгаа хийсэн нь анхаарал татлаа
(Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч)
- “Хамгийн түрүүн дата өгөгдлийг маш сайн ашигласан байна. Дээд тал нь 4-5 жилийн өгөгдөл мэдээллийг харьцуулан шинжилсэн, сургуулийн менежментийн асуудлуудыг өргөн хүрээнд хөндөж, шинэ санаа шийдэл дэвшүүлж байна. Судалгааны арга зүйд сайн суралцаж байна. Дасан зохицох хөтөлбөрийг хэрэгжүүлэх судалгаа хийсэн нь анхаарал татлаа. Сургуулийн хүний нөөцийн менежментийн чиглэлээр санаа авах судалгаанууд ч байна. Асуудалд цогцоор хандах, статистик шинжилгээ хийх ур чадварыг сайжруулах зэрэг цааш сайжруулах зүйлүүд ч байна. Судалгаа нь нэлээн сахилга бат шаарддаг, шинжлэх ухааны нэр томьёо хэрэглэдэг найруулгын төрөл. Тиймээс судалгааны нэр томьёо тайлбар нэг байх тал дээр ч мөн цаашид илүү сайжрах байх” гэлээ.
Н.ТУУЛ: сургуулийн менежментийн “Алтан гурвалжин” загвар боловсруулсан
(Булган аймгийн хялганат тосгоны ебс. Сургалтын менежер)
-“Сургууль багаар ажиллах арга хандлагад тулгуурласан менежмент” сэдвээр илгэлээ тавилаа. Судалгааг 2020-2024 оны хичээлийн жилийн хугацаанд хийж үр дүнгээ тооцлоо. 600 гаруй сурагчтай, 70 гаруй багш, 790 шахам эцэг эхийг хамруулсан. Энэ менежмент ийг хэрэгжүүлэхээс өмнө манай сургууль хүний нөөцийн чадавх, манлайлал, засаглал төсөвлөлт, сургуул, сургалтын орчин, материаллаг хэрэглээ, хог хаягдлын менежмент зэрэг нь бага үзүүлэлттэй байсан. Ингээд сургуулийн менежментийн “Алтан гурвалжин” загвараа сургуулийн алсын хараа, эрхэм зорилгод тулгуурлан боловсруулж, асуудлаа өөрсдөө тодорхойлон, үйл ажиллагаа зохион байгуулсан. Засаж сайжруулах чиглэлээр нийт 6 төрлийн багц ажил хийж, маш сайн үр дүнд хүрлээ. Манай хамт олон Би-гээс бид рүү хандлагаа өөрчиллөө. Багаар ажиллаж, оролцоо сайжирлаа. Ингээд харахаар сургалтын орчин, гадаад харилцаа, чанар, багшийн, байгууллагын хөгжилд ахиц дэвшил гарлаа. Боловсролын үнэлгээний төвийн үнэлгээгээр улсын дунджаас 3 хувь дээгүүр байсан бол сургууль бүхлээр ажиллах арга хандлагад суурилсан менежментээр өнөөдөр 13 хувь илүү гарч 2-р түвшинд үнэлэгдлээ. Анги кабинетын тоо 75 хувь, мэргэжлийн зэрэг 58 хувь, гүйцэтгэлийн үнэлгээ авсан багшийн тоо 46 хувь ахилаа. Эко зуслан буюу сургалтын зуны төвийг өөрсдийн хүчээр байгуулж, зундаа 70 гаруй суралцагч амрааж хөгжүүлж байна. Бусад аймаг, сумынхан ч туршлага судлах гэж ханддаг боллоо.