Монголын багш нарын эрдэм шинжилгээний хурал “Хамтын оролцоонд суурилсан сургалтын байгууллагын менежментийг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд өрнөж байна. Эрдэм шинжилгээний хуралд 21 аймаг болон нийслэлийн 9 дүүргийн СӨБ-ын байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. Тэд Заах арга зүйд нэвтрүүлэх боломжтой сайн туршлагаа хуваалцсан 29 илтгэлээр хоорондоо өрсөлдлөө. Тэдний илтгэлүүдын агуулга санаа бүр нь хүүхдийн хөгжил, суралцах орчиныг сайжруулж тогтвортой хөжлийн зорилгыг агуулж байгальд ээлтэй шийдлүүдийг хайснаараа онцлог байлаа. Тухайлбал, нийслэлийн БЗД-ын 146 цэцэрлэгийн багш Т.Отгондалай, Ж.Атарцэцэг нар сургалтын хөтөлбөрөө цахим болгосон тухайгаа танилцуулав. Тэд олон улсад СӨБ-ын сургалтад ашиглаж байгаа ZAPPAR-ыг танилцууллаа. Цахим технологийг ашиглан хүүхдийг бага наснаас нь “Хүн” болгож хөгжүүлэхийг зорьж байгаагаа онцоллоо.
Баянхонгор аймгийн 12 цэцэрлэг тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч байгууллага болохоор ажиллаж байна. Энэ хүрээнд эцэг эхийн оролцоог түшиглэн “Юу чаддаг түүгээрээ оролцъё” нөлөөлийн ажлыг өрнүүлж эцэг эхийн тусламжтайгаар байгальд ээлтэй үйлийг хүүхдүүддээ үлгэрлэжээ. Ээж нар хамтдаа хүүхдүүдийнхээ багадсан хувцасаар шинэ жил болон, хүүхдийн баяраар бэлэгний уут оёсон байна. Хүүхдүүдтэйгээ хамтдаа хуванцар хаягдал ашиглан бүтээлийн үзэсгэлэн гаргажээ. Үүний үр дүнд эцэг эхчүүд өөрсдийн чаддаг мэддэгээрээ зөвхөн сургалт гэлгүй аж ахуйн албаны ажилд оролцож хүүхдийн сурах орчныг сайжруулсан байна. “Дахин ашиглъя хамтран сэргээе” аянг цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа Баянхонгор аймгийн 12 цэцэрлэгийн аргазүйч М.Өлзийдэлгэр илтгэлдээ дурьдсан юм.
Сурган хүмүүжүүлэх уншлагыг сургууль, багш нар сургалтынхаа үйл ажиллагааны асуудлуудаар илтгэл бичиж уралдах эрдэм шинжилгээний хурал болгосон нь нэг талаас боловсролын хөгжил, сургалт заах аргын асуудлыг өмнө нь сурган хүмүүжүүлэх ухааны хүрээнд авч үздэг байсан бол боловсрол судлалын шинжлэх ухаан манай улсад хөгжлийнхөө шинэ үед дэвшин орсонтой холбоотой. Нөгөө талаар ЕБС-ийн багш нар дээрээс өгсөн чиглэлээр материал уншиж илтгэх биш, харин олон улсын түвшинд гарсан боловсрол судлалын орчин үеийн ололтыг ашиглах, өөрсдийн судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж сайжруулах хэмжээнд заах арга, хэлний боловсрол нь дээшилсэн нь харагджээ.
Боловсрол судлалын оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлыг өмнө нь зөвхөн ЕБС-ийн багш нарын дунд явуулж, мөн ковидын гэгдэх жилүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулж байснаа энэ жилээс танхимаар зохион байгуулж байна. Мөн 2019 оноос оролцогчдын хүрээг сургуулийн өмнөх
боловсрол, ЕБС-ийн багш, удирдах ажилтныг хамруулах болсон. Эрдэм шинжилгээний хурлын материалыг хэвлэдэг байснаа хэдэн жил тасарсаныг энэ жилээс эхлэн сэргээж байна.