Олноо өргөгдсөний 14 дүгээр оны хоёрдугаар 27 бөгөөд Европын тооллоор 1924 оны дөрөвдүгээр сарын 1-нд Төв хорооны тэргүүлэгчид хуралдсан түүхийг сөхье. Уг хурлаар Монгол Улсын төр албан хаагчдаа сургалтын тогтолцоогоор бэлтгэх түүхэн шийдвэр гаргаж, 7 дугаар тогтоолоо баталсан аж. Тодорхой хэлбэл, Монгол орны өнцөг булан бүрээс төрийн алба хаах боломжтой залуучуудыг нийслэлд ирүүлж сурган боловсруулж, намын шийдвэрийг биелүүлэхэд дайчлан ажиллуулах агуулгатай тогтоол гаргасан. Улмаар анхны хичээлийг 1924 оны дөрөвдүгээр сарын 5-нд эхлүүлсэн байна. Ингээд намын гишүүн Цэрэндорж, Элбэгдорж, хоёр Данзан нар Намын төв сургуулийн анхны багш нар болж, 2-4 цагаар гишүүддээ хичээл зааж эхэлснийг энд тэмдэглэе. Тухайн үед Намын Төв хорооны товчоо эдийн засгийн хичээлийг голчлон зааж байжээ. Гэхдээ эдийн засгийн боловсон хүчин бэлтгэнэ гэдэг академи түвшний, мэргэжлийн ажил юм байна гэдгээр энэ нь удаагүй. Ингээд эдийн засаг, удирдлага менежмент хосолсон хичээлийг зааж эхэлсэн.
Тиймээс 1924 оны дөрөвдүгээр сарын 1-нд тогтоол гарсны, 5-ны өдөр хичээл эхэлсний 100 жилийн ой өнөө жил тохиож байна. Үүнээс өмнө гэрийн сургуулиар төрийн албан хаагчдыг бэлтгэж ирсэн ажээ. Энэ агуулгаар нь хэлбэл, Монголын боловсрол 800 жилийн түүхтэй. Харин орчин цагийн, танхимын гэж тодорхойлбол, Удирдлагын академи үйл ажиллагаа явуулж, мянга мянган удирдагчийг бэлтгэсний 100 жилийн ой тохиож байна.
Ойг угтан хийх ажлууд, академийн үйл ажиллагааны талаар тус академийн захирал, доктор, дэд профессор Д.Сүрэнчимэг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Д.Сүрэнчимэг эл түүхэн ойг “Орчин цагийн төрийн албаны сургалтын тогтолцоо үүсэж хөгжсөний ой” гэдгийг тодотгосон. Одоогийн Удирдлагын академи өнгөрсөн 100 жилд улс орны хөгжил, үе үеийн боловсон хүчин бэлтгэх шаардлагын дагуу нэрээ Намын түр сургууль, Намын төв сургууль, Нам, улсын төв сургууль, Намын дээд сургууль, бүр Эдийн засгийн дээд сургууль, Улс төрийн дээд сургууль, Төр, нийгэм судлалын академи, төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт хэмээн 12 удаа өөрчилж иржээ. Өөрчлөлт бүхэн хэлбэрийн төдий бус, агуулга, бүтэц, зохион байгуулалт, харьяаллын хувьд тухайн үеийн нийгэм, улс орны хэрэгцээг дагасан эрс өөрчлөлт байж, сургалтын шинэ агуулгаар баяжсан эргэлтийн шинжтэй байжээ.
Өнөөдөр Удирдлагын академи нь мэдлэг бүтээж түгээх, эрдэм судлалын чиглэлээр ажиллаж сургалт, судалгааны үндэсний байгууллага болох зорилготой, түүхээ бичин хамт бүтээж байна. Учир нь өмнөхгүй өнөөдөр гэж байхгүй. Тиймээс төрийн албан хаагч нараа чадавхжуулан бэлтгэх өмнөх уламжлалаа шинэчлэлээр баяжуулан үргэлжлүүлж байна. Манай ой бол мэдлэг бүтээх, түгээх 100 жилийн “Улсаа урлахуй”-н түүх юм хэмээсэн.
Удирдлагын академи өнөөдөр дөрвөн чиглэлийг гол болгон үйл ажиллагаа явуулж буй.
• Төрийн албан хаагчдыг мэргэшүүлж бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх,
• Төр, нийгмийн салбарын удирдлагаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх,
• Төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд төр, захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйгээр зөвлөх гэсэн үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулж байна.
• Ёс зүйн өндөр шаардлага тавьж, гүйцэтгэл өндөртэй, хариуцлагатай төрийн албан хаагчдыг бэлтгэж буй.
Дотроо мэргэшүүлэх багц сургалт, мэргэшүүлэх дунд хугацааны болон богино хугацааны сургалтыг 80 багш, нийт 105 хүнтэй явуулж байна. Багш нараа маш өндөр шалгуураар Удирдлагын академид авдгаа захирал Д.Сүрэнчимэг онцолсон. Түүнээс зарим зүйлийг тодруулав.
-Төрийн албан хаагчийг хэрхэн сургадаг вэ. Сургалтын эрэлтээ хэрхэн тодорхойлдог вэ?
-Бид хуулийн дагуу төрийн албанд анхлан орж ирсэн хүнийг чиглүүлэх богино хугацааны сургалт явуулна. Үүнээс хойш төрийн албан хаагч гурван жил тутамд суралцаж байх үүрэг хүлээдэг. Үүнээс гадна албан тушаалын сургалтууд байна. Дэс түшмэлийн түвшинд ажиллаж байгаа хүн ахлах түвшинд ажиллая гэвэл ахлах, эрхэлсэн түшмэлийн сургалтад суусан байх ёстой. Хаших гэж байгаа албан тушаалдаа тавигдаж буй шаардлага буюу түүнд нийцсэн мэдлэгийг өөртөө авсан байх ёстой. Тухайн албан тушаалд ажиллахаар бэлтгэгдэж байгаа хүн сургалтууддаа сууна. Үүний зэрэгцээ Удирдлагын академи төрийн байгууллагуудад хэрэгцээтэй, захиалгатай зорилтот сургалтуудыг зохион байгуулдаг. Энэ бол манай үүрэг юм.
-Танай сургалтын нэг гол үйл ажиллагаа нь судалгаа хийдэг гэдэг утгаар их, дээд сургуулийн болон төрийн бусад судалгааны байгууллагатай хэрхэн уялдаатай ажилладаг вэ?
-Төрийн судалгааны ажлыг нэгтгэж, нийлүүлэх талаар Засгийн газраас, Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгч байсан, энэ талаар хийж байсан ажлууд бий. Манайх бас Засгийн газрын захиалгаар судалгаа хийдэг. Төрийн шийдвэр гаргахад дата өгөгдөл дээр суурилсан хэрэгтэй судалгаа хийх туршлагууд юу байна гэдэг дээр анхаарч ажиллаж байгаа. Бусад улс орны хувьд төрийн албаны, нийгмийн чиглэлийн судалгааны байгууллага нь Ерөнхий сайдынхаа дэргэд толгой байгууллага байж бусад судалгааны институциудаа нийлүүлж, нэгтгэж явдаг юм билээ. Монгол Улс энэ чиглэл рүү явах нь илүү үр дүнтэй байх байр сууриа илэрхийлдэг. Засгийн газар шийднэ. Манай улсад төрийн бүх судалгааг нэгтгэсэн цахим сайт бий. Судалгаа голчлон нэг жил үргэлжилдэг. Өнөө жил Японы талтай хамтран 20 жилийн буюу урт хугацааны судалгаа эхлүүлэхээр ярилцаж байна.
Өнөө жил 100 жилийг ойгоо тэмдэглэхдээ морь уралдуулж, бөх барилдуулж, сур харвуулахгүй. Харин нийгэмд хэрэгтэй үлдэцтэй бүтээлүүд хийх төлөвлөгөө гаргаж, эхнээс нь ажил хэрэг болгожээ. Мөн 100 жилийнхээ ойн хүрээнд баримтат кино хийх гэнэ. Улмаар англи монгол хэлээр олон улсад цацах аж. Архив ухаж, судлахад түүхэндээ Удирдлагын академийг 33 хүн удирдаж байжээ. Гэхдээ тушаал шийдвэр гарсныг үндэслэж бичвэл 100 жилийн түүхэнд 21 хүн эл сургуулийг удирдсан. Д.Сүрэнчимэг захирлын хувьд түүхэндээ уг сургуулийг удирдсан анхны эмэгтэй захирал гэнэ. Өнөөдөр Удирдлагын академи анхны хичээлээ заасан түүхэн өдөр тохиож байна.