Сэлэнгэ аймагт цагдаагийн ажилтнууд 13 настай охиныг хүчиндсэн гэх мэдээлэл олны анхаарлын төвд оров. Цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн оны есдүгээр сард гарсан эл хэргийг дотоод хяналт шалгалтаараа илрүүлэн, хэрэгт холбогдогчдыг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж буй юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн намар гарсан үйлдлийг гуравдугаар сарын сүүлчээр илрүүлэн мөрдөн шалгаж байгаа. ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Мөрдөн байцаах албаны удирдлага өчигдөр эл хэргийг шалгаж эхэлснээ ч олон нийтэд мэдээлсэн. Энэ үеэрээ “Хэрэг гарсан орон нутаг, овог нэр, холбогдсон албан хаагчийн нэрсийг хэлэх боломжгүй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд зааснаар эмзэг мэдээллийг олон нийтэд дэлгэж болохгүй. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд мэдээллийг нь задруулж болохгүй тухай ХЭҮК-ын зөвлөмж бас бий. Прокуророос зөвшөөрсөн хэмжээнд энэ мэдээллийг хийж байна. Алба хаагчид гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол цагдаагийн байгууллага өмгөөлж хамгаалахгүй” хэмээсэн. Тэгвэл ХЭҮК-оос “Хүүхдийн хувийн болон гэр бүлийн амьдрал, нэр төр, алдар хүнд, орон байрны халдашгүй байдал, захидал харилцаа, хувийн нууцыг хамгаалж, хүндэтгэхийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд уриалж байна. Хүүхэдтэй холбоотой бүх үйл ажиллагаанд хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангахад анхаарлаа хандуулцгаая” гэсэн уриалга гаргасан.
Гэтэл Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Өнөрболор дахин сонгогдох гэсэн хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөхийг оролдлоо. Тэрбээр “Хүүхдийн хүчирхийллийн ямар ч төрөл, хэлбэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба тэр тусмаа насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэнэ гэдэг нь хүлцэн тэвчиж болшгүй, туйлын жигшүүрт гэмт хэрэг гарцаагүй мөн. Тиймээс эдгээр бусармаг этгээдүүдэд нэн яаралтай зохих хуулийн дагуу хатуу хариуцлагахүлээлгэн, цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллахыг УИХ-ын гишүүний хувиар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шаардаж байна. Цаашид уг асуудлыг хэрхэн шийдвэрлэж ажиллахадонцгой анхаарал хандуулах болно гэдгээ мэдэгдье” гэжээ. Зуд болоход нохой зоолно гэгчээр тойрогт нь ийм гэмт хэрэг гарсныг далимдуулж дөрвөн жил сураггүй шахам байсан Д.Өнөрболор гэнэт амь орж, мэдэгдэл гаргахдаа мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдлоо. Уг нь Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйлд “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх” гэсэн зүйл заалт бий. “Онцгой анхаарал хандуулах болно гэдгээ мэдэгдье” гэснээрээ улс төрд нөлөө бүхий албан тушаалтан мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөхийг оролдож байна гэсэн үг. Эрүүгийн хуулиас гадна хууль тогтоогч эрхэм гишүүний хамгийн сайн мэдэж, мөрдөж байх ёстой Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд ч албан тушаалаа ашиглан бусдад нөлөөлөхийг хориглосон заалт бий. Тодруулбал, эл хуулийн 12 дугаар зүйлд шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглохоор хуульчилсан. Ийм байтал хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх байдлаар мэдэгдэл гаргаж буй нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тиймдээ ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр түүнд хандан “Тодорхой шалгагдаж буй гэмт хэргийн асуудлаар мөрдөх алба зөвхөн прокурорын байгууллагын зөвшөөрлөөр, зөвшөөрсөн хүрээнд мэдээлэл хийх хуультай.
Зөвшөөрөлгүй мэдээлэл хийвэл тухайн мөрдөгч, хууль сахиулагч 1-5 жил хорих ялтай гэмт хэрэгт буруутгагдана. Хэвлэлээр гарч буй асуудал бага насны хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тул нээлттэй мэдээлэх нь хүүхдийн эрх зүйн байдлыг хөндөнө. Прокурорын байгууллага хэвлэлээр гарч буй мэдээлэлд тайлбар, мэдээлэл хийх боломжоор мөрдөх албыг хангах нь зөв байх. Бүх насаар нь хорих ялтай, шалгагдаж буй, нотлогдож, батлагдаагүй эрүүгийн онц ноцтой гэмт хэргийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд урьдчилсан дүгнэлт хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, нөлөөлөх нь хуулиар хориотой бөгөөд гэмт хэрэгт тооцогдоно” хэмээн тодотгон үзэл бодлоо илэрхийлсэн нь гарцаагүй. Тэгэхээр бусдын зовлонд дөрөөлөн, УИХ-ын гишүүний албан тушаалаа ашиглан хууль хяналтын байгууллагын хараат бус, бие даасан шийдвэр гаргах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож буй түүний энэ үйлдэлд хариуцлага тооцох ёстой юм.
Ташрамд дурдахад, эл хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын дарга, хурандаа Т.Сүхболд Сэлэнгэд ажиллан тус аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагааг шалгаж, удирдлагад нь хариуцлага тооцохоор очжээ. Бидний авсан мэдээллээр тус аймгийн Цагдаагийн газрын удирдлагад хариуцлага тооцохоор болоод буй аж.