Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн 5-12 дугаар ангийн 23 сурагч нэгдэж, Г.Отгонсүрэн багштайгаа хамтран роман бичжээ. Романы нэр “Галт шувууны нулимс” бөгөөд зургаан бүлгээс бүрдсэн байна. Тодорхой хэлбэл, роман Эрвэлзэн дүүлцгээе, Мезолит охин: Чих авласан нь, Сагил охин: Хүүрийн үеэр сүйдэлсэн нь, Бэхи охин: Хөгжимчнийг хаацайлсан нь, Засаг охин: Нохойн зэрэгт буусан нь, Эсэргүү охин шороо үмхсэн нь нэрт бүлгүүдтэй. Уг романы нээлт өнөөдөр болж, уран зохиол шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авлаа. Ингээд зохиогч хүүхдүүдэд болон зочдод хэвлэлтээс дөнгөж гарсан будаг нь ханхалсан номын дээжийг, улаан сарнайтай гардуулсан.
Үүнээс гадна хүүхдүүд энэ романаасаа сэдэвлэсэн “Галт шувууны хуулиас” абсурд жүжиг найруулж, өөрсдөө дүрээ бүтээж, хувцсаа урласан аж. Улмаар сурагчид энэ өдөр өөрсдөө загварыг гаргаж урласан хувцсаа өмсөж, үндэсний авангард хувцасны загварын шоу үзүүлсэн юм. Мөн “Галт шувууны хуулиас” абсурд жүжгийн хэсгээсээ толилуулав. Энэхүү жүжгийг сурагч Н.Ганболор, Б.Хосгарьд, О.Отгонзул, Т.Болормаа, Х.Мөнх-Эрдэнэ, Э.Ууганболор нар амилуулж, үзэгчдийг дуу алдтал жүжиглэсэн билээ. Тоглолтын дараа жүжигт дүр бүтээсэн сурагч Н.Ганболор, Х.Мөнх-Эрдэнэ нарт сургуулийн бэлгэдэл болох “Алтан галт шувуу” шагнал гардуулав. Эл шагналыг сургуулиас дүүрэгт, дүүргээс нийслэлд, улсад шалгарч амжилт гаргасан сурагчдад олгодог нандин, үнэ цэнтэй шагнал гэнэ. Тиймээс мөнгөн урамшуулал дагалдуулдаг. Эдгээр ажлыг "Алтан галт шувуу" төслийн хүрээнд хийж гүйцэтгэжээ.
“Ган зам” паласт болсон энэхүү өдөрлөгийг хүүхдүүд зохион байгуулсан. Тодорхой хэлбэл, сурагчид өдөрлөгийг хөтөлж, гэрэл техникээ тохируулж, дууны фонограммаа сольж бүгдийг гардаж хариуцсан юм. Харин сургуулийн удирдлага зөвлөх үйлчилгээ үзүүлж, Баянгол дүүргийн ЗДТГ-аас үйл ажиллагааны зардалд 10 сая төгрөг олгосон байна. Мөн энэ өдөр 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардсан 40 сурагч иргэний андгай өргөсөн билээ. Баянгол дүүргийн хэмжээнд өнөө жил 3736 хүүхэд 16 нас хүрэх юм.
Ташрамд дурдахад, 28 дугаар сургуулийн удирдлага хичээлээс гадуур төсөл хөтөлбөр олныг хэрэгжүүлж, сурагчдаа амьдрах ухаанд бэлтгэсээр иржээ.