Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний бөхийн холбоо, “Мөнгөн цагариг” клуб хамтран бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Спортын төв ордны А зааланд энэ сарын 1-4-нд зохион байгууллаа.
15 дахь удаагийн тэмцээний А хэсэгт улсын цолтой болон аймаг, цэргийн арслан цолтой 12, Б хэсэгт аймаг, цэргийн заан, харцага, начин цолтой 11 баг өрсөлдөхөд А хэсгээс улсын гарди Д.Рагчаа дасгалжуулагчтай Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний баг түрүүлж, Ховд, Завхан аймгийн баг удаалав. Тэргүүн байр эзэлсэн Архангай аймгийн баг анхдугаар тэмцээн (2003 он)-д түрүүлж байсан ба хоёр дахь цомоо гардан авлаа.
Харин Б хэсгээс М.Батбаатар дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд алтан медаль хүртэж, Архангай, Баянхонгор аймгийн баг мөнгө, хүрэл медаль хүртэв. Энэ хэсэгт түрүүлсэн Өвөрхангай аймгийн баг тус тэмцээнээс 2018 онд алт, 2019 онд мөнгөн медаль хүртэж байжээ.