Хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх, уншдаг сурагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит тэмдэг олгодог. Тэгвэл гэртээ, сургууль дээрээ, тэр ч бүү хэл худгаас ус авахдаа ном уншдаг А.Төгөлдөр хүү өнөөдөр тэргүүний уншигч буюу Д.Нацагдоржийн тэмдэгтэн боллоо. А.Төгөлдөр 28 дугаар сургуулийн 6г ангид суралцдаг. Түүнийг номд дурлуулсан хүн нь ар гэрийнхнээс нь гадна 28 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш З.Шинэбаяр гэнэ. Номын "амтанд орсон" түүнд олон хүн ном бэлэглэснээс гадна сургалтын төвүүд англи хэл, хятад хэл сурах эрхийн бичиг гардуулаад байгаа юм.
Ташрамд дурдахад, нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн удирдлага сургуулийн номын сандаа хүүхэд болон багшийн хөгжилд хэрэгтэй хамгийн сайн шилдэг роман, эх зохиолуудыг түүвэрлэн авдаг байна. Үүнээс гадна ангиуд ч дотроо нас насных нь онцлогт тохируулсан бяцхан номын сантай ажээ.
“Тэргүүний уншигч - Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг бага нас /6 - 12нас/ өсвөр нас /13 - 18 нас/ хэмээн хоёр ангилж, тодорхой шалгуур хангасанд нь олгодог билээ.