Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг Био Комбинатад энэ оны хоёрдугаар сарын дундуур онц ноцтой хэрэг гарч, олон нийтийг айдаст автуулсан. Unuudur.mn мэдээллийн сайт сэрэмжлүүлэг болгох үүднээс уг хэргийн талаар сайтар нягталж мэдээлсэн билээ.
Цагдаагийнхан хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн нь 47 настай Б болохыг тогтоосон. Мөн сэжигтэн Б нь хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохдодоо өгсөн байж болзошгүйг мэдээлсэн.
Цагдаагийнхан сураггүй болсон эмэгтэйг эрэн сурвалжилж, найз залуугийнд нь буюу сэжигтэн Б-гийнд очсон аж. Улмаар найз залуугийнд нь үзлэг нэгжлэг хийснээр маш аймшигтай хэргийн ул мөр олж тогтоосон.
Үүнээс гадна эрэгтэйн гэрээс нь их хэмжээний хар тамхи буюу “мөс”, мөн 30 орчим сая төгрөг олдсоныг эх сурвалж мэдээлэв.
Тэгвэл, тус хэргийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байна. Тодруулбал, Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр нохойн үүрнээс олдсон яс сураггүй алга болсон иргэн Ц-ийнх буюу талийгаач эмэгтэйнх болох нь ДНХ-гийн шинжилгээгээр тогтоогдсон. Тодруулбал, талийгаачийн болон талийгаачийн ээжийн ДНХ хоорондоо тохирсон аж. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
2023 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан найман тохиолдол бүртгэгдсэн аж. Мөн 2023 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 91 хувийг 18-35 хүртэлх насныхан эзэлж буй. Тэдний 28 нь эмэгтэй холбогдогч гэнэ.
Уг гэмт хэргийн 85.7 хувь нь нийслэлд, 14.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэн. Үүнээс гадна хилийн чанадад Монгол Улсын 44 иргэн ял эдэлж, зарим саатуулагдан шалгуулж байна.
Эрүүгийн хуулийн 20.7.1-д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”. 20.7.2-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Тэгвэл судлаачид эрүүгийн хуулийн уг зохицуулалт хангалтгүйг хэлсэн. Улмаар хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, худалдаа, тээвэрлэлтийг зогсоох, хязгаарлахын тулд үр дүнтэй хууль санаачлах хэрэгтэй хэмээн зөвлөж буй.