БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах төсөл”-ийн солилцох захидалд Сангийн сайд Б.Жавхлан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар өчигдөр гарын үсэг зуржээ.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээнд хоёр улс хүлээсэн үүргээ биелүүлэх, бүс нутгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх, ойжуулалтын нэмэгдүүлж ойн санг есөн хувьд хүргэх үр дүнтэйг албаныхан онцлов.
Монгол орон нь газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөж буй 10 орны нэг юм. Сүүлийн 80 жилийн уур амьсгалын үндсэн үзүүлэлтийн ажиглалтаар Монгол орны хэмжээнд жилийн агаарын температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 8 хувиар буурчээ. 2020 оны байдлаар Монгол орны цөлжилтийн үнэлгээнд нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай доройтсон хэмээн дурджээ. Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-сүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70 хувь цөлжилт, газрын доройтолд өртсөн.
Эх сурвалж: Сангийн яам