Улсын хэмжээнд өнөөдөр 16.00 цагт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалт зохион байгуулна. Бүх аж ахуйн нэгж, байгууллагынхан үүнд ажилтнуудаа бүрэн хамруулахыг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас уриаллаа. Дадлага сургуулилалтын үеэр гамшгийн зарлан мэдээлэх дохиог гурван удаа дуугаргана. Дохио эхний удаа дуугарахад байгаа газрынхаа аюулгүй цэгт суух нь. Аюулгүй цэг гэдэгт барилгын даацын хана, бат бөх ширээ, ариун цэврийн өрөө зэргийг хамруулах аж. Дохио хоёр дахь удаагаа дуугарахад гадагшаа гарч, аюулгүйн талбайд цугларах ёстой. Ингэхдээ барилгын ханыг даган, баруун гар талаа бариад, цувж алхах шаардлагатай юм байна. Аюулгүйн талбай руу очихдоо гүйхгүй, ярихгүй, буцахгүй, түлхэхгүй гэсэн дөрвөн зарчим баримтлах хэрэгтэй гэнэ. Нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн үед цугларах аюулгүйн 242 талбай бий аж. Сүүлийн дохио дуугарахад харьяа засаг захиргааны нэгж юм уу, байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлэх юм байна.
Ташрамд дурдахад, Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаргийн 16.00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээлэх дохиог дуугаргаж, дадлага сургуулилалт хийдэг. Уг арга хэмжээг 2011 оноос хойш жил бүр зохион байгуулж буй юм.
Бэлтгэсэн М.Оч