“Эх дэлхийн цаг-2024” арга хэмжээнд нэгдсэн монголчууд зэрлэг амьтдын усан хангамжийг сайжруулах ажилд 603.8 сая төгрөг хандивлажээ. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас санаачилсан эл арга хэмжээг манай улс энэ жил “Говийн гайхамшигт зургаан амьтны амьдрах орчныг хамгаалахад оролцъё” уриан дор зохион байгуулсан юм.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан эл өдрөөр “Шангри-Ла” худалдааны төвд олон нийтэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд говь нутгийн бэлгэ тэмдэг болсон хулан, хавтгай, мазаалай, хар сүүлт, тахь, бөхөн зэрэг ховор амьтны амьдрах орчинд тулгамдаж буй бэрхшээлүүдийн талаарх мэдлэг, мэдээллийг иргэдэд түгээсэн. Мөн Ховд аймгийн Манхан сумын нутагт орших, эдгээр амьтан ундаалдаг Хөндлөнгийн хэлтгий, Хөндлөнгийн усны булгийн эхийг хашиж хамгаалахад шаардлагатай зардлыг босгох хандивын аяныг энэ үеэр зарласан билээ. Тэгвэл гуравдугаар сарын 23- 26-нд өрнүүлсэн аяны хүрээнд дээрх хэмжээний мөнгө цугларсан байна. Байгаль хамгаалагчид энэхүү хөрөнгийг говийн ховор амьтдын усан хангамжийг сайжруулах, уст цэгүүдийн эхийг хашиж хамгаалахад зарцуулах нь.