Финланд Улсын Турку их сургууль нь 1920 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа Боловсрол судлалын чиглэлээр олон улсад тэргүүлэх судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хэрэгжүүлэгч тус улсын ууган сургууль юм.
Монгол Улсын Боловсролын их сургууль нь тус сургуультай багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх, боловсролын салбарын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Финланд Улстай багш, боловсрол судлаач, оюутан солилцоог эхлүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ өдрүүдэд Финланд Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир Финландын Үндэсний боловсролын агентлагийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус агентлагийн Олон улсын хамтын ажиллагааны захирал Саму Сейтсало үйл ажиллагааны чиглэл, яам болон агентлаг, орон нутгийн боловсролын байгууллагуудын чиг үүргүүдийн талаар мэдээлэл хийв.
Финландын Үндэсний боловсролын агентлагт дээд боловсролоос бусад бүх түвшний боловсролын асуудал хамаардаг. Үндэсний цөм хөтөлбөрийг туршиж, боловсруулах, сайжруулах, олон улсын хамтын ажиллагаа, нэгдсэн мэдээллийн санд тулгуурласан оюутан сурагчдад дэмжлэг үзүүлэх /платформ хөгжүүлэх/ зэрэг чиг үүргүүдийг хариуцдаг. Үндэсний цөм хөтөлбөрт тулгуурлан орон нутаг өөрийн онцлогт тохирсон хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлдэг байна.
Боловсролд AI технологи нэвтэрч байгаатай холбогдуулан энэхүү шилжилтийн үеийг даван туулах, нэн ялангуяа энэхүү шилжилтэд багшийг бэлтгэх чиглэлд түлхүү анхаарч байгаагаа танилцууллаа. Мөн сургуульд бэлтгэх нэг жилийг хоёр жил болгох туршилтын үр дүнгээ хуваалцлаа.