Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан гурил, малын тэжээлийн импортын татварыг чөлөөлөх хуулийн төслийн талаар танилцууллаа.
Гурилын үнэ 2018 онд 1040 төгрөг байсан бол 2023 онд 2426 төгрөг болж нэмэгдсэн. Тэгвэл гурилын гол түүхий эд улаанбуудайн үнэ 2018 онд 600 төгрөг байсан бол 2023 онд 750 төгрөг буюу 5 жилийн хугацаанд 150 төгрөгөөр өссөн байгаа юм.
2021-2023 онд Засгийн газраас гурил үйлдвэрлэгчдэд 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Гэрээний хугацаанд гурилын үнийг зохиомлоор өсгөхгүй, хангамжийн тогтвортой байдлыг хангана гэсэн ч энэ үүргээ биелүүлээгүй гэдгийг ШӨХТГ-аас дүгнээд байна.
Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэснээр гурилын дундаж үнэ 30-40 хувь буурна. Ингэснээр иргэдэд 165-220 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болно.
Засгийн газраас тариаланчидтай хамтран ажиллаж, улаанбуудайн доод үнийн баталгаа өгнө. Мөн улаанбуудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангасны дараа экспортод гарах боломжийг бий болгохоор ажиллаж байна.