ВВС-ийн сайтаар Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд авлигын мөнгөөр Манхэттэн дэх тансаг зэрэглэлийн орон сууц худалдаж авсан хэрэгт буруутгагдаж байгаа тухай нийтлэл цацагджээ. Тус нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд авлигын замаар Нью-Йорк хотод тансаг зэрэглэлийн хоёр орон сууц худалдаж авсан гэж мэдэгдлээ. Прокурорын зүгээс Манхэттен хотын төвд байрлах нийт 14 сая долларын (11 сая фунт стерлинг) үнэтэй үл хөдлөх хөрөнгийг хураах тухай нэхэмжлэл гаргажээ. Тодруулбал, 2009-2012 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболдыг гэр бүлийнх нь мэдэлд байдаг компаниараа дамжуулан, уул уурхайн томоохон гэрээ байгуулсны дараа, тансаг зэрэглэлийг байр худалдаж авсан гэж үзэж байна. Уул уурхай бол Монголын эдийн засагт гол нөлөө бүхий салбар.
Харин С.Батболдын зүгээс дээрх нөхцөл байдлыг үгүйсгэж байна. "Ноён С.Батболд эдгээр үндэслэлгүй нэхэмжлэлийн эсрэг өөрийгөө өмгөөлөх боломжтой болох шүүх хуралдааныг тэсэн ядан хүлээж байна" гэж түүний өмгөөлөгч Орин Снайдер Ройтерс агентлагт мэдээлжээ.
АНУ-ын холбооны прокурорууд түүнийг Төв цэцэрлэгт хүрээлэнгээс хэдхэн блокийн зайд байрлах хоёр орон сууц, Карлтон хаусын нэг байр, Зүүн 61-р гудамжинд нэг блокийн зайд байрлах барилга, The Park Imperial дахь 70 давхар шилэн байшинд үл хөдлөх худалдаж авсан гэж мэдэгджээ. Мөн түүнийг "Уул уурхайн гэрээнээс олон сая ам.долларыг хууль бус компаниудаар дамжуулан гэр бүлийнхээ тансаг амьдралыг санхүүжүүлсэн" гэж буруутгаж байна. Тодорхой хэлбэл, С.Батболдыг Ерөнхий сайд байх үед зуучлагч нэртэй компаниар дамжуулан дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан гэнэ. Ингэхдээ уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаагүй “Catrison” гэх компанитай 68 сая ам.долларын олборлолтын гэрээ байгуулсан. Тус компанийн цорын ганц захирал нь хэл шинжлэлийн багш байсан тухай ч нэхэмжлэлд дурдсан байна.
Мөн олон сая ам.долларыг гадаадын банкны данс руу санхүүгийн байгууллагуудаар дамжуулан шилжүүлсэн. Тус мөнгөний тодорхой хэсгийг Манхэттэн дэх орон сууц худалдан авахад зарцуулсан гэж АНУ-ын прокурорууд мэдэгдэв.
Тэдний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу эдгээр байрны нэгийг С.Батболдын ууган хүү ашиглаж байсан. Тус хаягийг өөрийнх нь АНУ дахь шуудангийн хаягаар бичсэн тухай ч дурджээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд өөрөө ял сонсоогүй байна. Гэхдээ прокурорын нэхэмжлэлийг шүүх хүчинтэй гэж үзвэл өмч хөрөнгийг нь хурааж авах боломж бүрдэнэ.
Эх сурвалж: BBC