Жуулчин эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн оны зун, намар гадаадын аялагчдад үйлчилдэг тээврийн хэрэгслийн эрэлт нэмэгдэж, зардал нь огцом өссөн. Жуулчдын унаа гэгддэг “УАЗ-452” буюу “Фургон”-оор нэг хүн тээвэрлэх өдрийн хөлс 50-80 хувиар нэмэгдэж, 300-400 мянгад хүрсэн юм. Тэгвэл өнөө жил ч ийм хөөрөгдөл, хомсдол нүүрлэж болзошгүйг аялал жуулчлалынхан анхааруулж байна. “Автотээврийн үндэсний төв” эсрэг жолооны хурдтэй, 12-оос дээш жилийн настай, В ангилалтай тээврийн хэрэгсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад жуулчин тээвэрлэх зөвшөөрөл олгохыг хориглосноос ийм эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэнийг тус салбарынхан хөндлөө.
Тэд “Аялагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор тээврийн хэрэгсэлд шаардлага тавих нь зүйтэй ч жуулчлалын улирал эхлэх дөхсөн үед гэнэт шийдвэр гаргаж, нийтээр нь хориглож болохгүй”, “Алсаа бодвол цэгцлэх шаардлагатай ч урьдчилан мэдэгдэхгүй, хугацаа өгөхгүй шийдэх нь тус биш, ус. Жуулчин тээвэрлэдэг машинуудын 70-аас илүү хувь нь 12-оос дээш настай” гэж байна. Мөн “Зуны хоёр, гуравхан сард жуулчинд үйлчлэхийн тулд “он хөөж” техник авах боломж аж ахуйн нэгж бүрд байхгүй” хэмээн эсэргүүцэж буй аж. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор тур оператор компаниудын төлөөлөл, бизнес эрхлэгчид зөвлөлдөж, холбогдох газруудад санал, шаардлага хүргүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Харин “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас эл зохицуулалтын талаар лавлахад тодорхой, үндэслэл бүхий тайлбар өгсөнгүй. “Жуулчин тээвэрлэх аж ахуйн нэгж, байгууллагын жолоочид эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн, мэргэшсэн, тээврийн хэрэгсэл нь хяналтын үзлэгт хамрагдсан байх шаардлага тавьдаг” гэхээс өөр тайлбар хэлсэнгүй. Шинэчлэн баталсан Аялал жуулчлалын тухай хуулийн дагуу байгуулсан нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон ч эл шийдвэр, өөрчлөлтийн талаар тодорхой мэдээлэлгүй байна.
Бэлтгэсэн Н.Мишээл