Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарын хүний нөөц, чадавхыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж буйгаа мэдээлэв. 2022- 2023 оны хичээлийн жилд 77 оюутан ойн мэргэжил эзэмшихээр их, дээд сургуульд элссэн бол өнгөрсөн оны байдлаар нийт 266 хүн энэ чиглэлээр суралцаж байжээ. Харин өдгөө МСҮТ болон сургалтын бусад байгууллагад ойн арчилгаа, ашиглалтын ажилтнаар 528, аж ахуйн чиглэлээр 37, нөхөрлөлийн мэргэжилтнээр 52, техникчээр 11, нийт 628 хүн суралцаж буй аж. Элсэгчийнх нь тоо сүүлийн жилүүдэд буураад байсан ойн техникч, ойжуулагчаар суралцах залуусын тоо аажмаар нэмэгдэж буйг мэргэжилтнүүд дурдлаа. 2022-2023 оны хичээлийн жилд техникчээр суралцахаар 32 хүн элссэн бол ойжуулагчаар 20 мэргэжилтэн төгсжээ.
Ойн асуудал хариуцсан төрийн байгууллагууд хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудтай хамтран ажиллахаас гадна эл мэргэжлийн үнэ цэнийг хүүхэд, залууст сурталчлан таниулахад анхаарч байгаа гэнэ. Энэ сарын 21-нд тохиосон Олон улсын ойн өдрөөр дээрх агентлагаас оюутан, залуусын дунд “Ой9+” илтгэл, мэтгэлцээний тэмцээн, “Оройн нахиа” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан байна.