Нийслэл энэ он гарснаас хойш хэд хэдэн удаа өмхий үнэрт автлаа. Энэ сарын 19- нд гэхэд Улаанбаатарын төв болон баруун хэсэгт өмхий үнэр тархаж, иргэд цахим орчинд шуугьж эхэлсэн. Олон нийт үүнийг хүхрийн, угаарын хийн, Төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэр гэхчлэн янз бүрээр таамаглаж байв. Гэсэн ч яг аль нь болохыг хэн ч тогтоож чадсангүй. Албаныхан “Өмхий үнэр Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа” гэсэн мэдээлэл өгсөн ч дээрх байгууллагынхан “Манай үйл ажиллагаа хэвийн үргэлжилж буй. Нийслэлд тархсан үнэр манайхаас гараагүй” гэснээр дээрх асуудал “оньсого” хэвээр үлдсэн юм. Улаанбаатарт өмхий үнэр тархах бүрд холбогдох байгууллагынхан “Мэдэхгүй” гэх үгээр ам таглаад өнгөрдөг. Энэ үйл явдал олонтоо давтагдсаар л байна. Ийм байдлыг хэрхэн өөрчлөх, ямар боломжууд байна вэ гэдгийг эрэлхийлэхийг зорилоо.
ХЭМЖИГЧ ТӨХӨӨРӨМЖИЙГ ОЛОН УЛСАД ТОГТМОЛ АШИГЛАДАГ
Хүрээлэн буй орчин, гэрэл, дуу чимээний бохирдол зэрэг нь дэлхий нийтэд тулгамдаад буй асуудал билээ. Харин эдгээрийн араас үнэрийн бохирдол “жагсаж” байна. Орчин үед үнэрийг хэмжих, үнэлэх судалгаанд техник, технологийн дэвшлийг илүүтэй ашиглах болжээ. Ийм төхөөрөмжийг олон улсад тогтмол ашигладаг юм байна. Үнэр хэмжигч төхөөрөмжүүдээс олон улсад хамгийн эрэлттэй нь “Olfasense TO-Series” нэртэй ольфактометр аж. Уг төхөөрөмжийг хамгийн түгээмэл ашигладаг бөгөөд шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшлийг олон жилийн практик туршлагатай хослуулж, лабораторид зориулж тусгайлан бүтээснээрээ онцлогтой гэнэ. Агаарт тархсан үнэрт бодисыг таних, концентраци буюу хэмжээ, найрлагыг нь тогтооход үүнийг ашигладаг юм байна. Дээрх төхөөрөмж нь үнэрийг хамгийн өндөр түвшинд, нарийвчлан тодорхойлоход тусалдаг аж. Түүнчлэн авсаархан хэмжээтэй, зөөвөрлөх боломжтой, хариу, үр дүн нь хурдан гардгаараа давуу талтай. Бас үүнийг суурин болон явуулын лаборатори болгон ашиглах боломжтой аж. Дээрх төхөөрөмжөөс гадна электрон мэдрэгчээр ч үнэрийг хэмжиж болдог. Ихэвчлэн “Электрон хамар” гэж нэрлэдэг уг төхөөрөмж нь мөн л ямар бодис агаарт хэр хэмжээтэй тархсаныг илрүүлэх нь. Химийн хроматографи буюу масс спектометр гэх багаж ч бий аж. Энэ нь өөр хоорондоо маш төстэй үнэрүүдийн хольцыг ялгадгаараа давуу талтай. Хариуг нь илүү нарийвчлах шаардлагатай тохиолдолд спектометрийг давхар ашигладаг. Эл төхөөрөмжийг хүний үнэрлэх эрхтний үйл ажиллагааг дуурайлган бүтээсэн бөгөөд агаарт тархсан үнэрийн концентрацийг тодорхойлох үүрэгтэй юм байна.
БИДЭНД ТААМАГЛАХААС ӨӨР БОЛОМЖ АЛГА
Олон улсад үнэрийг илрүүлэх чиглэлээр дээрх төхөөрөмжүүдийг ашигладаг бол манайд таамаглах маягаар ажиллаад байна. Нэг жишээ дурдахад, өнгөрсөн оны аравдугаар сарын 12-нд нийслэлд өмхий үнэр тархан, иргэд төдийгүй холбогдох албаныхан ч ихэд цочирдсон. Үүнээс улбаалан хот даяар “эрэн сурвалжлах ажиллагаа” өрнөж, хиамны үйлдвэрийг ч хүртэл хардаж байв. Эцсийн дүндээ автомашины хөдөлгүүрийн хаягдал тос дахин боловсруулж, түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эко стандарт петролиум” компанийн жолоочийн буруутай үйлдлийн улмаас үнэр тархсан болж таарав. Тухайн жолооч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шугамын худаг руу хаягдал тос асгаснаас болж иргэдийн ая тухтай байдал алдагдан, толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна. Дээрх үнэр хиамны үйлдвэрээс гарсан байж болзошгүй, эсвэл төмрийн үйлдвэр шатсанаас үүдэлтэй гэх мэт олон таамаглалыг албаныхан тухайн үед дэвшүүлсэн. Тэгвэл шалгалтаар дээрх компанийн жолооч 10 тонн орчим хаягдал тосыг тус дүүргийн нутаг дэвсгэр дэх бохирын шугамын худагт асгасан нь тогтоогджээ. Нэр бүхий этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, өдгөө шүүхийн шатанд шилжүүлснийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Батзориг мэдээлэв. Дээрхтэй адил үйл явдал энэ оны нэгдүгээр сард ч болсон. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Угтахбаяр эл асуудлын талаар “10.00-11.00 цагийн хооронд I хороолол орчмын агаарын чанарыг тодорхойлдог суурин харуулын үзүүлэлт өөрчлөгдсөн. Өмнөх 14 хоногийн ижил цагийн үзүүлэлттэй харьцуулахад хүхрийн давхар ислийн агууламж өндөр гарсан юм. Энэ нь түлш шатааснаас үүдэлтэй давхар ислийн үнэр биш гэж үзэж байгаа. Шахмал түлштэй холбоогүй, цэвэрлэх байгууламжийн үнэр байх магадлалтай хэмээн таамагласан” гэж мэдээлж байв. Манайд үнэрийг тусгай төхөөрөмжөөр шинжлэн тогтоох бус, яг ийм байдлаар бүхнийг Төв цэвэрлэх байгууламж руу “чихээд” орхих, эсвэл таамаглах төдийгөөр аргалж байгаад мартагдуулах болсон. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбаяраас үүний талаар тодруулахад “Манай улсад агаарын чанарын хяналтын 19 станц бий. Тэдгээр нь агаар бохирдуулагч түгээмэл элемент буюу хүхрийн давхар исэл, угаарын хий, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл зэргийг 15 минутын зайтай тандаж, agaar.mn сайтаар дамжуулан иргэдэд мэдээлдэг. Станцууд зөвхөн эдгээр бодисыг л оношилж танддаг” гэв. Харамсалтай нь, Төв цэвэрлэх байгууламжийн лагийн болон бусад төрлийн бодисын үнэр хотод тархсан тохиолдолд илрүүлдэг, хор хөнөөлийг хэмждэг багаж манай улсад байдаггүй аж.
ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН МУУХАЙ ҮНЭР
Шинжлэх ухааны “Science alert” цахим хуудсанд дэлхий дээрх хамгийн муухай таван үнэр юунаас ханхалдгийг эрдэмтдийн судалгаанд үндэслэн тогтоосон талаар мэдээлжээ. Дээрх жагсаалтын нэгдүгээрт хүхэрт устөрөгчийг нэрлэсэн байна. Энэ бол манай хотод өмхий үнэр байнга ялгаруулагч юм. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжийн бохироос ялгарч, үнэр гаргаж байгаа гол хий нь хүхэрт устөрөгч гэнэ. Хүний ялгадас задарч, азот агуулсан нэгдэл буюу амоны хийг үүсгэдэг. Дээрх хий нь бусад элементтэй нэгдсэнээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг судалгаагаар баталсан. Тэгэхээр цэвэрлэх байгууламжтай ойрхон ажиллаж, амьдардаг хүмүүс бохирын үнэрээс үүдэлтэйгээр өвчлөх магадлалтай. Ийм хийг богино хугацаанд их хэмжээгээр үнэрлэсэн тохиолдолд амьсгалын замын эрхтнийг цочроон, ухаан алдахад хүргэнэ. Харин урт хугацаандаа үнэрт хэт мэдрэг болно. Үүнээс гадна харшилтай болох, амьсгалын замын эрхтнүүд доголдож, бүтцэд нь өөрчлөлт орох зэрэг эрсдэлтэйг Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны тэргүүн А.Нарансүх хэлсэн юм. Түүнчлэн нүүрс шатах үйл явцад үүсдэг хүхрийн хийгээр бид байнга шахам амьсгалж, үнэрийг нь ч заримдаа мэдэрдэг. Тэгвэл эл хий амьсгалын замыг цочроож, найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлдэг гэнэ. Уг хийн архаг нөлөө нь амьсгалын замыг өвчлүүлэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх, судасны архаг өвчнийг сэдрээхэд хүргэдэг байна. Энэ нь зүрх, судасны өвчтэй болон уушгины архаг эмгэгтэй хүмүүс, хүүхдүүдэд илүү сөргөөр нөлөөлдөг аж. Үнэр гэдэг бол агаарт тархсан дэгдэмхий хий болон уур бөгөөд хортой, эсвэл хоргүй гэж ангилдаг. Хүрээлэн буй орчинд эвгүй үнэр тархаж, иргэд түүнийг байнга үнэрлэх нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж, амьдралын чанар нь доройтоход хүргэдэг байна. Хүчтэй үнэрийн улмаас зарим хүн ханиалгаж, амьсгал нь давчиддаг. Таагүй үнэр байнга мэдрэх нь толгой эргэх, өвдөх, дотор муухайрахад хүргэдэг байна. Цаашлаад стрессийн түвшнийг нэмэгдүүлж, сэтгэл санаа тогтворгүй болоход нөлөөлдөг гэх судалгаа ч бий. Тиймээс нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангахын тулд үнэр тодорхойлох, илрүүлэх, хэмжих төхөөрөмжтэй болох шаардлагатайг холбогдох албаныхан нь анхаараасай.
У.Цэцэгсүрэн