2000 он
ХХ зууны хамгийн хэрцгий алан хядах бүлэглэлийн нэг болох “Японы улаан арми”-ийг үүсгэн байгуулж, удирдаж явсан эмэгтэй Фүсако Сигэнобү шоронд 20 жил хоригдоод 2022 оны тавдугаар сарын эцсээр суллагдав. Энэ байгууллага 1970-1980-аад онд Европ, Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнодыг уулгалан довтолж байжээ. Израилын иргэд, америк цэргүүд, Европын дипломатчдыг гол байгаа болгосон энэ “Улаан арми”-ийн ихэнх ажиллагааны төлөвлөгөөг Сигэнобү өөрөө боловсруулдаг байв.
21 жилийн өмнө уг бүлэглэлийг тараасан ч Сигэнобүгийн долоон хамтран зүтгэгчийг одоо хэр нь дэлхий дахинаа хайж буй бөгөөд тэднийг нисэх онгоц хулгайлсан, дэлбэлэх ажиллагаа зохион байгуулсан, дипломат төлөөлөгчийн газрууд руу буудсан хэрэгт буруутгаж буй аж. Дэлхийн хувьсгал хийхийг мөрөөдөж явсан ч, түүн рүү буруу замаар явсан ядуу япон оюутан эмэгтэйн тухай өгүүлье.
...Хар хувцастай, нүүрээ халхалсан цагаан масктай туранхай эмэгтэй Токиогоос урагш Акисим гэдэг жижиг хотын шоронгийн эмнэлгээс гарч ирсэн нь Фүсако Сигэнобү байв. Алан хядагч гэгдэж байсан 76 настай тэрбээр телевизийн дэлгэцнээ ийн харагдаж байлаа. Түүнийг Ойрхи Дорнодын гэмээр царай зүстэй залуу бүсгүй тосож очсон нь охин нь байв. Тэнд ер нь олон хүн байж, шуугьж шаагьсан хүмүүсийн зарим нь “Фүсако минь, бид чамд хайртай шүү” гэсэн зурагт хуудас барьжээ. “Улаан арми”-ийн удирдагч явсан эмэгтэй “Улс төр, зэвсэгт хүчинд хамаагүй ч би тэдэнд хохирол учруулсныхаа төлөө уучлалт хүсэж байна” гэж энэ үеэр сэтгүүлчдэд хэллээ.
Сигэнобү Токиод эзэн хааны армийн хошуучийн гэрт төрсөн аж. Эцэг нь энэ албыг хаахаас өмнө хөдөө нутагт багшилж байжээ. Армиас халагдаад тэрбээр хүнсний зүйл худалдаж, энэ айл хэр тааруухан амьдарч байв. Залуу бүсгүй Сигэнобү аавынхаа адил багш болохоор шийдэж, Токиогийн Мэйжи их сургуульд сурч байх 20 насандаа сургалтын төлбөр нэмэхийг эсэргүүцсэн хөдөлгөөнд нэгджээ. Ийм орчинд байсаар зүүний үзэл суртлыг сонирхох болсон байна. 1960-аад оны дунд үед капиталист орнуудын адилаар Японы залуучуудын дунд коммунист, дайныг эсэргүүцсэн үзэл их түгсэн аж. Цөмийн зэвсэг, америкийн цэргүүдийг Японд байрлуулахыг эсэргүүцсэн хөдөлгөөн оюутнуудын дунд олноор бий болжээ. 1960-аад оны эцсээр зүүний үзэлт залуусын хөдөлгөөн нь 1968 онд Францад болсон шиг ард түмний бослого тэмцэлд хүргэх вий хэмээн эрх баригчид болгоомжилж байв. Тиймээс зүүний үзэлт оюутнуудын хөдөлгөөний үйл ажиллагааг харгис хэрцгийгээр дарж эхэлжээ. Үүнийг эсэргүүцэн 26 настай Цүнео Моригийн радикал бүлэг бий болсон байна. Тус бүлэг 1969 оны дундуур “Японы коммунист лиг-Улаан армийн фракц” гэх нэртэй болж, дэлхийн коммунист хувьсгалын төлөөх зэвсэгт тэмцлийг өөрийн зорилго болгон тунхаглав. Бүлгийн есөн гишүүн 129 хүн зорчиж явсан “Japan Airlines” компанийн дотоодын нислэгийн онгоцыг 1970 оны гуравдугаар сарын 31-нд барьцаалж, Сөүл рүү нисэхийг шаардсан байна. Тэнд очоод бүх зорчигчийг чөлөөлж, өөрсдөө Умард Солонгост газардав. Энд онгоцны багийнхныг явуулаад, оюутнууд амьдрахаар үлджээ. Японд үлдсэн бүлгийн гишүүд нууц байдалд орохоос аргагүй боллоо. Гүмма мужийн хүн хүрэхэд бэрх уулархаг газар байх агуйнуудад бэлтгэл сургуулилалт хийдэг лагерь байгуулжээ. Лагерьт маш хатуу дэглэмтэй. Бүлгээ “Нэгдсэн улаан арми” гэж нэрлэх боллоо. 30 орчим хүн Японы Засгийн газар, АНУ-ын цэргийн хүчний эсрэг зэвсэгт тэмцэлд бэлдэж байлаа. Партизаны энэ лагерийн хоёр гишүүн амьдралын хүнд нөхцөлийг тэвчиж чадалгүй оргох гэж оролдоод үхтлээ балбуулав.
Биенээ хардаж, “хувьсгалын хэргээс урвалаа” хэмээн буруутгах гаж уур амьсгал тус лагерьт бий болж эхэлжээ. Ийм байдлаас үүдэн 10 хүнийхээ аминд хүрч, хувьсгалт тэмцэл өөрийн “хүүхдүүд”-ийг зажлахгүй залгих боллээ.
Фүсако Сигэнобү 1972 он
Лагерийг Цүнео Мори, Хироко Нагата гэх эрэгтэй, эмэгтэй хоёр залуу удирдах болж. Ер нь Японд зүүний үзэл баримтлалтай улс төрийн байгууллагыг ихэнхдээ эмэгтэй хүн толгойлж байв. Тэд илүү эрс үзэл, тууштай байдлаараа эрчүүдээс ялгардаг байна. 1972 оны хоёрдугаар сард Японы цагдаа нар “Нэгдсэн улаан арми”-ийн лагерь хаана байдгийг олж тогтоов. Мори, Нагата хоёроос гадна хэд хэдэн гишүүнийг нь баривчиллаа. “Улаан арми”-ийн таван байлдагч зугтаж яваад далайн эрэгт байх амралт сувиллын “Асама-Сансо” гэдэг тансаг газрыг эзэлж, эзэн эмэгтэйг нь барьцаалжээ. Уг газрыг 3000 цагдаа бүслээд авав. Бүслэлт есөн хоног үргэлжилж, хэд хэдэн цагдаа амиа алдаж, 26 нь шархаджээ. “Нэгдсэн улаан арми”-ийн таван гишүүнийг амьдаар нь баривчлав. Тэдний зарим нь мөрдөн байцаагчидтай хамтран ажиллахаар боллоо. Мори Токиогийн шоронд амиа хорлож, Нагата цаазын ял шийтгүүлжээ. Гэвч тэрбээр уг ялыг гүйцэтгэхээс өмнө 2011 онд тархины хорт хавдар өвчнөөр хорвоог орхив. Фүсако Сигэнобү “Нэгдсэн улаан арми”-тай холбоотой байсан бөгөөд тус байгууллагыг илчлэх үед энэ бүсгүй хэсэг нөхдийн хамт хэдийн Ливанд очсон байжээ. Япончууд тэнд Палестиныг чөлөөлөх ардын фронтод нэгдэж, палестин зааварлагчдын удирдлагаар байлдааны бэлтгэл хийж эхлэв. Ливанд ирсэн япончууд социализмын төлөө дэлхийн хувьсгалт тэмцлийн эхлэлийг тавьж, капиталист империализмыг гол дайснаа хэмээн үзэж байлаа. Хэдэн сар өнгөрөхөд япончууд өөрийн байгууллагыг “Японы улаан арми” хэмээн нэрлэж, өөрсдийг нь дэлхий дахинд танил болгосон алан хядах үйлдэл хийх болов.
Япончууд нууцлалаа чанд сахиж байснаар гадаадын олон тусгай алба тэднийг удаан хугацаанд илрүүлж чадаагүй аж. Тэдний үйл ажиллагааны нарийн ширийнийг одоо хэр нь амьд үлдээд эрэн сурвалжлагдаж байгаа тус байгууллагын гишүүд л мэддэг гэнэ. Израилыг Палестины ард түмнээс газрыг нь булаан авсан, Ойрхи Дорнод дахь АНУ-ын гол холбоотон империалист улс гэж япончууд болон палестинчууд үздэг байв. Израил руу довтлох ажилдаа оролцуулахаар гурван хүн сонгож авсны нэг нь Сигэнобүгийн нөхөр Цүёси Окүдайра байлаа. Тэд Ром хотод очиж, зэвсэгтэй (Чехословакт үйлдвэрлэсэн буу, Зөвлөлтийн гранат) болж, 1972 оны тавдугаар сарын 30-нд одоогийн Бен-Гурионы нэрэмжит Лод гэдэг онгоцны буудалд хөл тавимагцаа гал нээсэн байна. Энд 26 хүн япон алан хядагчдын суманд өртөн амиа алдаж, 78 хүн шархаджээ. Энэ үед хоёр япон амиа алдсаны нэг нь Сигэнобүгийн нөхөр бөгөөд шархдаад израилчуудад амьдаараа олзлогдохгүйн тулд гранат дэлбэлж амиа егүүтгэв. Козо Окамото гэдэг япон шархтай олзлогдож, шоронд хоригджээ. 1985 онд түүнийг Израилд олзлогдоод байсан палестинчуудаар солив. “Японы улаан арми”-ийн гишүүд Палестиныг чөлөөлөх ардын фронтын дайчидтай хамтран 1973 оны долоодугаар сард Амстердамаас Токио руу нисэж явсан “Japan Airlines”-ийн онгоцыг барьцааллаа. Олзлогдсон Окамотог суллахыг япончууд шаардсан ч израилчууд татгалзжээ. Палестины ардын фронтын таван дайчин Кувейт дэх Японы ЭСЯ-нд дайран орж Элчин сайдыг нь оролцуулан тэндхийн 29 ажилтныг барьцаанд авав. Сингапурт “улаан арми”-ийнхны саатуулсан хувьсгалчдад нисэх онгоц өгөхийг шаардсан байна. Эрх баригчид буулт хийхээс аргагүй болж.
1974 оны есдүгээр сарын 13-нд Нидерландын Гааг хот дахь Францын ЭСЯ-ыг “Японы улаан арми”-ийн бүлэг эзэлж, сайдыг 10 ажилтны хамт барьцаалав. Ажиллагааг Сигэнобү төлөвлөж зохион байгуулсан гэх дүгнэлтийг 30 жилийн дараа Японы шүүх хийжээ. Удаан хугацаанд хэлэлцээ хийсний эцэст япончууд барьцаалсан хүмүүсээ суллаж, үүний хариуд шоронд хоригдсон “Японы улаан арми”-ийн гишүүдээ суллуулж, 300 мянган ам.доллар авч, Өмнөд Йемен хүртэл аюул осолгүй нисэж очжээ. Алан хядагчдыг тус улсын Аден хотод ирэхэд эрх баригчид нь хүлээн авахаас татгалзсан тул япончууд Сирид буусан байна. “Японы улаан арми” 1975 оны наймдугаар сард Малайзын нийслэл Куала Лумпур хотод 50 гаруй хүн барьцаалсны дотор АНУ-ын консул, Шведийн хэргийг түр хамаарагч нар байлаа. Японы шоронд хоригдоод байсан таван хүнээ суллуулж аваад Ливи рүү нисэв. Хоёр жилийн дараа 1977 оны есдүгээр сард “Улаан арми”-ийнхан Энэтхэгийн тэнгэрт “Japan Airlines”-ийн онгоцыг олзолж Бангладешт буулгалаа. Японы Засгийн газар зүүний радикал бүлэглэлүүдийн зургаан хоригдлыг суллаж, энэ онгоцны зорчигч болон багийн гишүүдийг барьцаанаас чөлөөлөхийн тулд зургаан сая ам.доллар төлсөн байна. Энэ үеэс 1980-аад оны дунд хүртэл Японы “Улаан арми”-ийнхан чимээ алдарчээ.
Японы “Улаан арми”-ийнхан дахин идэвхжсэнээ 1986 оны хавар чанга гэгч “зарлав”. Индонезид тэд АНУ, Канад, Японы дипломат төлөөлөгчдийн газрууд руу довтолжээ. Аз болоход хүний амь ер хохирсонгүй. Нэг жилийн дараа Ромд байх АНУ, Британийн ЭСЯ руу мөн зэвсэглэн халдсан ч бас л хүний аминд хүрээгүй аж. АНУ-ын армийн алба хаагчид амарч байсан шөнийн клубийг нөгөө л “Улаан арми”-ийнхан 1988 оны дөрөвдүгээр сард дэлбэллээ. Нэг америк цэрэг, дөрвөн итали хүн амиа алдав. Энэ бол “Японы улаан арми”-ийн түүхэнд сүүлчийн алан хядах ажиллагаа байсан гэж үздэг.
Нэгэн таамаглалаар хүйтэн дайн дууссаны дараа Сири, Ливи, Алжир зэрэг Арабын орнуудын Засгийн газар зүүний радикал алан хядах байгууллагыг сонирхохоо больж, дэмжихээ ч байжээ. Тэгээд ч ЗХУ задарсны дараа дэлхий дахинаа зүүний үзэл хямарч, хүмүүсийг уруу татах чадвар нь ч хумигдаж, алан хядах үйлдэл хийхэд нь туслах хүч хомсдов. 1973 онд Сигэнобү охин төрүүлж Мэй гэдэг нэр хайрлажээ. Мэй Бейрутэд их сургууль төгсөж, янз бүрийн тусгай албадад эхийгээ барьж өгөхгүйн тулд япон хэлтэй гэдгээ нуун, араб юм уу, англи хэлээр ярина. Сигэнобү 2000 оны сүүлчээр хуурамч бичиг баримт өвөртлөн Япондоо хүрч очив. Цагдаа нар түүнийг Осака хотноо эрэгтэй хүний нэрээр зочид буудалд байхад нь баривчилжээ. Энэ үед Мэй Японд ирсэн байна. Фүсако Сигэнобүг шүүх ажил бараг зургаан жил үргэлжилж, гол нь 1974 онд Гааг хотноо Франын ЭСЯ-ны ажилтнуудыг барьцаалсан хэмээн буруутгасан аж. Гэхдээ түүнийг “Японы улаан арми”-ийн удирдагч гэж үзээд байсан ч алан хядах бүх ажиллагаанд оролцсон гэдгийг нь нотлож чадаагүй. Гэлээ ч 2006 онд шүүх түүнд 20 жил хорих ял оноов. Тэрбээр 2027 онд суллагдах ёсой байсан ч хугацаанаас нь өмнө шоронгоос гаргаж, хуульсахиулахбайгууллагынхяналтдорбайлгах болжээ. Сигэнобүг ХХ зууны хоёрдугаар хагасын зард гарсан алан хядагч Германы “Улаан армийн фракц”-ын Гудрун Энслин, Ультрик Майнхоф нартай нэг зиндаанд тавих болов. Шоронд сэжигтэй нөхцөлд байдалд амиа алдсан герман бүсгүйчүүдээс ялгаатай нь Сигэнобү өндөр насалсан юм.
Бэлтгэсэн Р.Жаргалант