Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн хүрээнд “Банхар” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ нь махан идэшт зэрлэг амьтдад мал сүргээ ихээр “алддаг” хөдөөний өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой санаачилга аж.
Хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Шарга, Дарви сумын нутгийг дамнан орших Дарвийн нуруунд амьдарч буй 12 малчин айлд банхрын 20 гөлөг өгчээ. Эдгээрийн зарим нь өсөж том болон мал сүргээ хамгаалж, малчид ба зэрлэг амьтдын хооронд үүсдэг дайсагналыг таслан зогсоогоод буйг дээрх олон улсын байгууллагынхан сайн жишиг хэмээлээ.