2022 оноос өмнө 2024 он
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрладаг, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн барилгыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тус сургуулийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр 2021 оны арваннэгдүгээр сард нураасан юм. Гэсэн ч төсөв хангалтгүйн улмаас барих хугацаа нь хойшилсоор 2022 онд эхлүүлсэн байна. Үүнээс үүдэн 12 дугаар сургуулийн 3300 гаруй сурагчийг 4-5 хэсэг хуваан, сүүлийн гурван жил стандартын бус орчинд хичээллүүлж байсан юм. Тухайлбал, дунд ангийн 520 гаруй сурагч нь тус дүүргийн 29 дүгээр хороонд байрладаг 153 дугаар сургуульд, харин ахлах ангийн сурагчид “Мандах бүртгэл” дээд сургуулийн байранд хичээллэж байв.
Тус сургуулийн шинэ барилга нь А, Б, В гэсэн гурван блоктой, дөрвөн давхар бөгөөд урлаг, спорт заал, ариун цэврийн болон хувцас солих өрөө, хоолны газар, хичээлийн танхим зэргээс бүрдэж буй аж. Дээрх сургуулийг ашиглалтад оруулснаар 3300 орчим сурагч, 165 орчим багш, ажилчин эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, хичээллэх боломжоор хангагдах нь. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Морин сүлд”, “Жам” зэрэг компани тус сургуулийн барилгыг барьжээ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн