Гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг хуурайшилтын өндөр эрсдэлтэй, түймрийн аюултай үе гэж үздэг. Энэ үед цаг агаар дулаарснаас үүдэлтэйгээр хөрс хуурайшиж, ой, хээрийн түймэр дэгдэх байгалийн нөхцөл бүрддэг юм. Мөн хотын ногоон бүстэй ойр, хашаандаа өвс, ургамалтай, гэр хорооллын айлуудад ч үүнтэй холбоотойгоор ахуйн хүрээний түймэр гарах эрсдэл нэмэгддэг билээ. Тиймээс нийслэлийн Байгаль орчны болон Онцгой байдлын байгууллагаас түймрийн аюултай үед хариуцлагагүй, хайнга үйлдэл хийхгүй байхыг иргэдэд анхааруулав.
Хуурайшилтын үед байгалийн дагалдах баялаг түүх, мод бэлтгэх, ойд ил гал гаргах, тамхи татах, хашаандаа дутуу унтраасан үнс нурам хаях, өвс шатаах зэрэг нь эрсдэл дагуулдгийг иргэдэд санууллаа. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэртэй холбоотой 38 дуудлага бүртгэгдсэнийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос наймаар өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн ням гарагт буюу энэ сарын 24-нд Улаанбаатарт объектын таван түймэр гарчээ. Үүний улмаас 27 настай нэг эмэгтэй амиа алдсан байна.