Урин цаг айсуйг дохиолж төлийн дуу цангинаж байдаг энэ улирал малчдад урьд урьдынхнаас илүү хүнд сорилт дагуулж ирлээ. Хотоо харлуулж, амь зуулгаасаа салахгүйн тулд унтах нойр, унд хоолоо умартан хэдэн сарын турш тэмцсэн малчин түмэн хатуу өвлөөс хавартай золгоод буй ч нөхцөл байдал хүнд хэвээр. Одоогийн байдлаар зургаан аймгийн 20 сум мөсөн буюу төмөр, 16 аймгийн 85 сум цагаан зудтай, 12 аймгийн 41 сум, нийслэлийн хоёр дүүрэг цагаанаар зудархуу байгааг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Хаврын улирал ирсэн ч хахир хатуу өдрүүд үргэлжилж буй гэсэн үг. Зудын улмаас энэ өвөл, хавар зургаан сая орчим толгой мал хорогдоод байгааг Улсын онцгой комисс (УОК)-оос танилцууллаа. Энэ нь манай улсын нийт малын найм орчим хувьтай тэнцэж буй аж. Хорогдсон малын тоо хаврын урт өдрүүдэд нэмэгдсээр 20 сая давах тооцоог онцгой байдлын байгууллагынхан гаргажээ. Ингэвэл манай улс түүхэнд хамгийн өндөрт тооцогдож ирсэн 1944 оны зудаас ч их хэмжээний хохирол амсахаар байна.
Одоогоос 80 гаруй жилийн өмнө тохиосон зуднаар монголчууд нийт мал сүргийнхээ 33 хувь (8.1 сая)-ийг алдаж байж. Харин мэргэжлийн байгууллагынхан энэ хаврын төгсгөл гэхэд үүнээс гурав дахин олон тооны мал хорогдоно гэсэн үнэлгээ, тооцоо гаргалаа.
УОК-оос мэдээлснээр 2023-2024 оны өвөл, хаврын зудад малынхаа 70-аас дээш хувийг алдсан өрх 2257, юу ч үгүй болсон айл 342 бий гэнэ. Энд зөвхөн их хэмжээний хохирол амссаныг нь онцолсноос биш, зудад нэрвэгдсэн болгоныг дурдаагүй. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас ямар нэг байдлаар хохирсон, мал сүргээ алдсан айл болгоныг оруулж тооцвол эл тоо үлэмж нэмэгдэнэ. Хаврын сүүлч гэхэд хот нь харласан өрх хэд болж өсөхийг таах аргагүй. Энэ тоо өсөж данхайхын хэрээр хөдөөгийн иргэдийн ахуй амьжиргаа, нийгмийн асуудал (боловсрол, эрүүл мэнд гэхчлэн) хурцаар хөндөгдөөд зогсохгүй нийслэлчүүдийн амьдралын чанар, ачаалалд ч тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Амин зуулгаасаа салж, ахуй амьжиргааны эх үүсвэргүй болсон малчдын дунд улсынхаа нийслэлийг бараадаж ажил хөдөлмөр эрхлэхээр зорих хүн цөөнгүй. Ерөөс урт хугацаанд үргэлжилсэн, их хэмжээний хохирол учруулсан байгалийн гамшгийн дараа хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрчимждэг бичигдээгүй хуультай билээ.
ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн нэгэн хэлэлцүүлгийн үеэр “Иргэдийн ахуй амьдралд хамгийн их хүнд сорилт, гарз хохирол учруулдаг гамшиг бол зуд. Үүний хохирлыг зөвхөн хорогдсон малын тоогоор хэмжих нь өрөөсгөл. Зуд нь боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, хүнсний хангамж гээд нийгмийн бүх салбарт нөлөөлдөг. Олон жил үе удам дамжин мал адгуулж, тогтвор суурьшилтай амьдарч байсан малчид зудын уршгаар л төв суурин газар барааддаг. Орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний статистикийг харвал зуд тохиосны дараах жилүүдэд хүн амын урсгал эрс нэмэгдсэн байдаг” хэмээн ярьсан юм. Үндэсний статистикийн хорооноос жил бүр гаргадаг хүн амын шилжилт хөдөлгөөний тоон мэдээлэл ч түүний ярьсныг батлав.
Статистикийн байгууллагын мэдээллийн санд 1983 оноос хойших шилжилт хөдөлгөөний бүртгэл, статистик бий. 1983-1987 оны хооронд жилд ойролцоогоор 2500-3400 иргэн Улаанбаатарт шилжин иржээ. Харин 1988 онд энэ тоо 4.8-6.6 дахин нэмэгдэж, 16 мянга давсан байна. Үүний шалтгаан нь 1986-1987 оны өвөл тохиосон зуд аж. Тухайн үед 800 мянга гаруй толгой мал хорогджээ. Энэ нь бага тоо юм шиг боловч тэр үеийн нийт малын дөрвөн хувьтай тэнцэж байж. Хөдөөгөөс хотыг зоригсдын цуваа үүнээс хойш харьцангуй тогтвортой буюу 10-12 мянгын хооронд хэлбэлзэж байгаад 2000 оноос “цойлжээ”. 1999-2002 онд жил дараалан болсон зудын дараа Улаанбаатарыг чиглэсэн их нүүдэл эрчимжсэнийг илтгэнэ. 2003 онд гэхэд нийслэл 40 172, 2004 онд 41 592 иргэнээр “бүл нэмсэн” байна. 1990-2000, 2000-2001, 2001-2002 оны өвөл тохиосон зуднаар манай улсын нийт малын 12-19 хувьтай тэнцэхүйц тооных нь хорогдож байж. Хорогдсон малынхаа тоогоор тэргүүнд (10 сая), нийт сүрэгт эзлэх хувь хэмжээгээрээ хоёрдугаарт орж буй 2009-2010 оны зудын дараа ч мөн ийм зүй тогтол ажиглагдаж байна. Ерөөс зуд шилжилт хөдөлгөөн хоёр салшгүй холбоотой аж.
Хүн байтугай машин зорчих аргагүй болтол их хэмжээний цас орж, цаг агаар илт анзаарагдахуйц хүндэрсэн нь энэ өвөл болохоос биш, 2020 оноос хойш Монгол орны нийт нутгаар ган, зуд үргэлжилж, малын бэлчээр, өвс ургамлын гарц эрс татарсныг судлаачид хөндсөөр ирсэн юм. Сүүлийн жилүүдэд буюу 2020 оноос хойш нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөний урсгал харьцангуй өндөр байсны шалтгааныг ч үүнтэй холбож тайлбарладаг. Нийслэлд байнга оршин суух шилжилт хөдөлгөөнийг хориглосон 2017 онд энэ тоо огцом буурч, 10 355-д хүрсэн бол 2018 онд сүүлийн 29 жилийнхээ хамгийн доод түвшинд очиж 6568, 2019 онд 12 373 болж байжээ. Ингээд эл шийдвэр хүчингүй болсон, ган, зудын эрсдэл нэмэгдсэн 2020 оноос нийслэлийг зоригсдын тоо эргээд огцом өссөн аж.
ОБЕГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хамтран хоёр жилийн өмнө гаргасан “Шилжих хөдөлгөөнийг тандах-Монгол Улс дахь гамшгийн бэлэн байдал” тайланд “Монгол орон газар зүйн өвөрмөц байршилтай, хөдөөгийн хүн ам нь мал аж ахуйн салбараас ихээхэн хамааралтай зэргээс уур амьсгалын өөрчлөлт, өвөл цагийн хүндрэлд өртөмтгий байдаг. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ган, зудын давтамж нэмэгдсэнээс орон нутгийн иргэдийн амьжиргаа залгуулах боломж хомсдож, хөдөөгөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт ихсэх хандлагатай байна. Хэрэв энэ байдал үргэлжилсээр байвал давтамж нь ойртон нэмэгдэж буй гамшгийн нөлөөгөөр орон нутгаас Улаанбаатарыг зорих иргэдийн тоо эрс өснө. Нийслэлийн захиргаа шилжин суурьшигчдыг байршуулж, суурьшуулахад ихээхэн бэрхшээлтэй тулгарна” гэжээ. Энэ дүгнэлт, тооцоолол өдгөө бодитоор биелж байна. Өнөө жилийн зуд үүнд улам хүч нэмэх нь гарцаагүй. Байдгаа барж, хоосорсон малчдын түрүүч нь хэдийн нийслэлийн хаяа бараадсаныг, ийм шийдвэр гаргасан хүн цөөнгүй буй талаар иргэд мэдээлэх болов.
Өнөө жилийн зудад хамгийн олон буюу 1.3 сая мал нь хорогдсон гэх Сүхбаатар аймгийн нэгэн иргэн “Хэзээ ч суурин газар бараадахгүй гэж ярьдаг, 20 гаруй жил мал дагасан ах, эгч хоёр минь аргагүйн эрхэд амьдралын тулгалтаар төвд суурьших боллоо. Хотод сурдаг оюутан хүүхэд нь “Наашаа ирээч, хөдөө юугаа хийх вэ” гэж учирлаж гуйгаад, мань хоёр “Хүүхдийнхээ төлбөрийг яана аа” гэж уйлж дуулсаар нэг талдаа гарах шиг боллоо. Их хөлийн газар хэсэгтээ учраа олохгүй, дасаж өгөхгүй хэцүү л байх болов уу. Гэхдээ дахиж ийм зуд үзэх тэнхээ тэдэнд минь үлдээгүй бололтой. Яадаг ч байсан хотод хүүхдийнхээ дэргэд очъё гэж байна. Цээж хүнд оргиод, яриаг нь сонсох ч өр өвдөм байлаа” хэмээн ярив.
Жил дараалан үргэлжилж буй энэ их зуд турхан малчдын зориг зүрхийг мохоож гүйцжээ. Мал адгуулж, ахуй амьжиргаагаа залгуулах боломж жилээс жилд хумигдаж байгааг ойлгож, мэдэрсэн малчид зовж өсгөсөн хэдийгээ гамшгаас урьтан хямд үнээр ч хамаагүй борлуулахыг бодох болж. Эртхэн хот суурин бараадахаар төлөвлөж буй нь ч цөөнгүй юм. Ховд аймгийн Үенч суманд амьдардаг нэгэн малчин “Сүүлийн хоёр жилийн идэшний үеэр бог малаа худалдаад дуусгасан. Одоо хэдэн адуутай л үлдлээ. Бүгдийг нь байхгүй болгочихно гэхээр бас чадахгүй юм. Мал маллах улам бэрх, зардал ихтэй болж байна. Өвс, тэжээл татаж, нөөцлөхөд сүүлийн жилүүдэд хэдэн төгрөг зарцуулав, тооцоо алдагдсан. Уржнан туслах малчин цалинжуулж ажиллуулаад ч нэмэр байсангүй. Эцэст нь бууж өглөө. Цаг дулаарахаар эндээ ирчхээд, өвөл хотод хүүхдүүдийнхээрээ ээлжилж байдаг юм бил үү гэж гэр бүлийнхээ хүнтэй ярьж сууна” хэмээсэн. Түүн шиг бодолтой олон хүн энэ хавар, зун, намар, өвөл, түүний дараагийн жилүүдэд Улаанбаатарт идээшихээр буурь сэлгэж магадгүй. Зарим нь энэ удаагийн зудын нөлөөгөөр нийслэлд багадаа 30 мянган өрх суурьшина гэсэн тооцоо хүртэл гаргачхаж. “Зуд их нүүдэл дагуулдаг” гэдэг зүгээр ч нэг зохиогоод хэлчихсэн үг биш болов уу.
Төвлөрөл, хотжилтоос үүдэлтэй бэрхшээлүүдэд ээрүүлж “түгжигдсэн”, ачааллаасаа хэд дахин олон хүн амтай Улаанбаатарт энэ нүүдэл, хүн амын урсгал мэдээж хүндээр тусна. 10, 15 жилийн өмнөх болон өнөөгийн нийслэлийн хооронд асар том ялгаа бий. Тэр үед хотод шилжин ирж байсан 2000 иргэн магадгүй өнөөдрийн Улаанбаатарт 5000, 10 000-ын дайтай жинтэй бууна. Боловсрол, эрүүл мэндийн хүртээмж, цахилгааны хангамжаас эхлээд нийгмийн суурь хэрэгцээ бүх талаараа өсөн нэмэгдэнэ. Орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэх замаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх зорилготой “Хөдөөгийн сэргэлт” хөтөлбөрийн бодлого, зорилт ч энэ үед алдагдана. Хөдөөгийн зуд хотод “шилжинэ”. Иймд Засгийн газар, улс төрийн намууд малчдын сэтгэл зүйг дэмжинэ, малжуулна хэмээн сонгууль угтсан шоу хийж, улс төржихийн оронд хөдөөд ажлын байр бий болгоход, эдийн засгийг нь тогтворжуулахад анхаарах хэрэгтэй. Цаашлаад гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан чанаржуулах зэрэгт ул суурьтай хандах шаардлага тулгараад байна.