НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж, нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Нийслэлийн хэмжээнд аж үйлдвэрийн дөрвөн парк ажиллаж буй. 2022 онд батлагдсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани хэлбэртэй байна” хэмээн заасан. Үүний дагуу “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” компанийн хэлбэрт шилжээд буй.
Тэгвэл Багануур, Багахангай, Налайхын үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг дээрх хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлага бий гэж НИТХ-ын төлөөлөгчид үзэж байна. Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны гишүүдийн зүгээс үйлдвэрлэл, технологийн паркуудын нэр томьёог олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нэршлээр нэрлэх, дүрмийг өөрчлөн найруулах, хөрөнгийн үнэлгээг нягтлах, үнэлгээг нэмэгдүүлэх боломжийг судлах, паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг саналыг хурлын үеэр илэрхийлсэн. Мөн компанийн хэлбэрт шилжсэнээр ил тод, нээлттэй байдлыг хангана хэмээн үзэж буй. Тухайн шилжилтийг хийхэд шаардагдах хууль, эрх зүйн үйл явц, нийслэлийн 2024 оны төсөв батлагдсан зэрэгтэй холбоотойгоор үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр тогтоолын төсөлд тусгасан байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ