“Олны танил хүмүүс сурталчилсан бүтээгдэхүүнийхээ чанарт хариуцлага хүлээдэг болох ёстой” гэсэн санаачилгыг иргэд гаргажээ. Энэхүү санаачилга нь цахим орчинд хандалт өндөртэй байна. Үүнийг санаачлагчид “Бүх зүйл минут, секундээр хөгжиж байна. Тиймээс шинэ зохицуулалт бидэнд хэрэгтэй боллоо. Мөнгө л авч байвал юугч сурталчилдаг хандлагаа өөрчлөх цаг болсон. Сурталчилж байгаа бараа, бүтээгдэхүүнийхээ чанарыг ч анхаарах хэрэгтэй” хэмээсэн байв. Цахим сүлжээ хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Түүнийг дагасан мөнгө олох аргач олшров. Тэдгээрийн нэг нь өөрийн хаягаа ашиглан бараа сурталчлах юм. “Олны танил хүмүүсээр бараагаа сурталчлуулах нь өндөр үнэтэй. Гэсэн ч ашиг их олдог” гэж нэгэн иргэн хэллээ. Тухайн бараа нь чанаргүй бол хохирогч нь иргэд болдог. “Би үүнийг хэрэглэж үзсэн. Маш сайн чанартай” хэмээсэн сурталчилгаанд итгэн эрүүл мэндээрээ хохирсон хүн ч бий. Гэтэл хохирлыг нь барагдуулж, хариуцлага хүлээх хүн олддоггүй. Ийм байдлыг халж, эрх зүйн зохицуулалттай болох шаардлагатай гэж үзэж иргэд дээрх санаачилгыг гаргажээ.