Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аас хийсэн судалгаанд хүүхдийн өдөрт авах сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 3-4 дахин, кальцийн хэмжээ 2.5 дахин бага, хүнс, нарны гэрлээс авах Д амин дэм дутмаг байгаагаас ясны сийрэгжилт үүссэн тухай дурджээ. Тиймээс эхний ээлжинд “Beyond Nutrition” төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор НЗДТГ, “Эрүүл бяцхан иргэд” ТББ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Ингэснээр талууд сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хангамжийг сайжруулахын зэрэгцээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.
Тус төслийг эхний ээлжид Баянгол дүүргийн 47, 89 дүгээр цэцэрлэгт хэрэгжүүлж, гал тогоог нь засан, тоног төхөөрөмж суурилуулж, амны хөндийн иж бүрэн үзлэг, зөвлөгөөг мэргэжлийн түвшинд зохион байгуулах аж. Мөн, сургууль, цэцэрлэгийг автомат аяга таваг угаагчаар хангах, хүүхдийн насны онцлогт тохирсон шим тэжээлтэй хоолны цэс боловсруулах, тогооч, удирдлагыг мэргэжлийн сургалтад хамруулах, эцэг эх, сурагчдад шим тэжээл, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах тогтолцоонд үнэлэлт өгч зөвлөмж, боловсруулахад хамтран ажиллана. Төслийн үр дүнг үндэслэн нийслэлийн бусад сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлэх юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ