Монгол, Япон Улсын эрдэмтэн судлаач нар “Mars-V” төслийн хүрээнд энэ сарын 22-нд сансрын туршилтын бөмбөлөг хөөргөлөө. Туршилтын бөмбөлөгт суурилуулсан өндөр нягтралтай гэрэл зургийн болон дүрс бичлэгийн төхөөрөмжөөр зуд, ой, хээрийн түймэр, хөрсний доройтол, цөлжилт, агаарын бохирдол зэргийн нөхцөл байдлыг тодорхойлно. Үүнд тулгуурлан дээрх асуудлуудад байгаль, цаг уурын болон хүний хүчин зүйл хэр их нөлөөлж буйг тогтоох боломжтой юм байна. Мөн хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, зам, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг бүхий л салбарт ашиглах мэдээллийг цуглуулах олон талын үр ашигтай аж. Монгол орны газар зүйн байршил, агаарын орон зай, хүн амын суурьшил зэрэг нь дэлхийн агаар мандлын хоёр дахь давхаргад сансрын бөмбөлгийг хөөргөх таатай нөхцөл болдог гэнэ. Энэхүү бөмбөлгөөр дамжуулан одон орон, сансар судлал болон шинжлэх ухааны туршилт, судалгаа хийх боломжтой аж.
Бэлтгэсэн А.Үүл