2023 оны байдлаар нийслэлийн 1.7 сая орчим иргэн нэг хоногт 160.2 мянган метр куб ус хэрэглэж байгааг Ус сувгийн удирдах газраас мэдээллээ. Энэ нь өмнөх оноос 1.8 хувиар, 2021 оноос 2.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Орон нутгаас нийслэл рүү шилжих хөдөлгөөн эрчимжиж сүүлийн хоёр жилд нийслэлийн хүн амын тоо ч 3.2 хувиар өсжээ.
Усны хэрэглээний 73 хувийг орон сууц, 14 хувийг аж ахуйн нэгж, байгууллага бүрдүүлж байгаа аж. Тухайлбал, орон сууцанд амьдардаг нэг иргэний усны хоногийн хэрэглээ гэхэд л 115 литр байна.
2022 онд Монгол Улс усны нөөцөөр 145 улсаас 22 дугаарт эрэмбэлэгдэж, усны нөөц багатай орны тоонд багтаж буйг НҮБ дурджээ. Сүүлийн байдлаар усны нийт нөөц 564.8 км куб буйг тооцоолсон байна. Цаашид 2030 он гэхэд Улаанбаатар хотын усны нийт хэрэгцээний 43 орчим хувь нь одоо байгаа усны нөөцөөр хангагдахгүй эрсдэлтэй гэж Дэлхийн банк тооцоолжээ.
Монгол Улсын хэмжээнд гадаргын дор усны 423 орд байгаа аж. Нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 17.3 хувьд нь усны нөөцийн зураглал хийсэн бөгөөд үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байна.