Манай улс хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ. Тэдэнд сэтгэл зүйн болон өмгөөллийн үйлчилгээг төр, төрийн бус байгууллага хамтран үзүүлж байна. Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Тэдний дийлэнх эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд ихэд хохирч, эх нутагтаа ирээд хуулийн хамгаалалт авах гэхээр хуулийн заалт хэт ерөнхий байдаг нь саад учруулдаг зэрэг бэрхшээлтэй нүүр тулна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаанд дэлхийн хэмжээнд ойролцоогоор 21 сая хүн хөдөлмөрийн мөлжлөг болон боолчлолын золиос болсон нь дурдагджээ. Харин мэргэшсэн судлаачид энэхүү тоог 27 саяд хүрч, 70-80 хувь нь эмэгтэйчүүд, 50 орчим хувь нь хүүхэд гэж тэмдэглэжээ. Тэдний дундаж нас 12-14 байдаг аж.