Улаанбаатар хотод шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 2316 нэгж талбар байгаагаас 544 нэгж талбарын 24 газрыг ашиглаж буй иргэд газрын зөвшөөрөлгүй байна. Нийслэлийн 24 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн тул тухайн байршлуудад гамшгийн шар түвшин зарлаж, халиа тошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад буй юм. Энэ хүрээнд 390 ажилтан 96 техник хэрэгсэлтэйгээр халиа тошин үүссэн 10 байршлын мөсийг тээвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.
Тэр дундаа БЗД 11-р хороо, СБД 18,19-р хороонд айл өрх усанд автаж нүүлгэн шилжүүлэх хэмжээнд хүрсэн. Хүндхэн байгаа байршлуудын нэг болох БЗД-ийн 11-р хороо буюу хуучин товчооны урд хэсэг. Тус хэсэгт 60 орчим өрх суурьшдаг бөгөөд 30 айл өрх усанд автаад буй. Цаашид тухайн байршлуудад шар усны үер буух өндөр эрсдэл байгааг онцгойлон анхаарууллаа. Энэ жилийн тухайд шар усны үер өмнөх жилүүдийнхээс 2-3 дахин их байгааг албаныхан онцолсон.